Г.Занданшатар Д.Амарбаясгалан нарын “зодоон” монголчуудад ашигтай


МАН-ын  даргын өрсөлдөөн улс төрийн хүрээнд гал дагуулсан сэдэв болж байна. Удаан хугацаанд дуугүй байсан Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр ам нээж, нүүрсний хулгайтай хийх тэмцлээ ширүүсгэж байгаагаа зарлалаа. Тэрээр өнөөдрийн мэдэгдлээрээ “УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайч” гэж хардаж байгаагаа ил болгов. Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай хийх тэмцлийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж байгаагаа илэрхийлсэн юм. Ингэснээр Г.Занданшатар  Д.Амарбаясгалантай хийх тэмцлээ Н.Энхбаярын гарт албан ёсоор атгуулж байна.

Нүүрсний хулгайтай хийх тэмцлийн үр дүнд улсын төсвийн орлого нэмэгдэж байгааг гүйцэтгэх засаглалын тэргүүн баримтаар дурдаад, АТГ-т нүүрсний хулгайтай холбоотой олон баримт шалгагдаж байгаа талаар нэмлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатарын  олон нийтэд хандсан мэдэгдэл гэхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийнхаас хамаагүй жудагтай гэж дүгнэж болохоор байлаа. Түүний мэдэгдэлд спикерийнх шиг олон хов зөөгчдийн тухай эсвэл хор хутгагчдын  нэрс дурдагдсангүй.

Харин Монгол Улсын гол саалийн үнээ байж болох Тавантолгойн ордод нүүрлэсэн нүүрсний хулгайн асуудал яригдаж байна. Хэрэв Тавантолгойн ордод үнэхээр том хэмжээний хулгай нүүрлэсэн нь үнэн бол илрүүлж, улсад учруулсан онц их хохирлыг нөхөн төлүүлэх учиртай. Энэ ч үүднээсээ шударга үнэнийг олж тогтоохын төлөө тэмцэнэ гэдгээ Ерөнхий сайд мэдэгдлээ.

Хэдийгээр МАН-ын даргын төлөөх улс төрийн зодоон Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүний хооронд ийнхүү өрнөж буй мэт боловч энэ өрсөлдөөнөөр дамжуулж, төрд нүүрлэсэн хулгай, шударга бусын хонгилын үүд хаалгыг Монголын ард түмэнд нээж харуулах боломж бүрдэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд ч энэ нь магадгүй нэрээ цэвэрлэх том боломж байж мэднэ. Эсвэл орлогоо нотолж чадалгүйгээр ажлаа өгсөн найз Л.Оюун-Эрдэнэ шигээ улс төрийн карьерээ дуусгах уу гэдэг сорилтын өмнө тулж байж ч болох юм.   


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *