Д.Амарбаясгаланг УДШ бүртгэх болов уу?


Даргын сонгуулиа хүчинтэй гэж үзвэл МАН 60 хоногийн дотор шинэ даргаа Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Энэ тухай Улс төрийн намын тухай хуулийн 15.3-т “Намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, намын даргыг томилсон шийдвэрийг 60 хоногийн дотор Улсын дээд шүүхэд албан ёсоор хүргүүлнэ” гэж заажээ.

Заавал 2 сар хүлээх албагүй л дээ. Тухайлбал: АН 8-р сарын 31-нд хурлаа хийж, О.Цогтгэрэлийг намынхаа даргаар сонгон, УДШ-д хүсэлтээ 9-р сарын 3-нд хүргүүлж, 9-р сарын 18-нд УДШ бүртгэсэн. МАН ч энэ 7 хоногт тус шүүхэд материалаа хүргүүлэх боломжтой.

УДШ материалыг нь 30 хоногийн дотор нягталж, бүртгэх эсэхээ шийднэ. Ингэхээр Шинэ жилийн баяр гэхэд МАН шинэ даргатай болох эсэх нь шийдэгдэх нь. МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албаны байр суурийг ажвал УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бага хурлаас МАН-ын даргаар сонгогдсон гэж үзэж байгаа бололтой. Хуучин дарга явж, шинэ дарга ирсэн гэж үзэж байгаа бол УДШ-ийн бүртгэлээс Л.Оюун-Эрдэнийн нэрийг хасуулах, Д.Амарбаясгалангийн нэрийг бүртгүүлэх ажилдаа шуудрах биз.

Уг нь Хяналтын ерөнхий хороо энэ маргааныг хянан шийдвэрлэх ёстой ч даргаасаа эхлээд, зарим гишүүн нь “Зөрчөөгүй” гэсэн болохоор одоо шүүхийн шат л үлдлээ

Улс төрийн намын тухай хуулиар аливаа нам хяналтын байгууллагатай байдаг. МАН-ын Хяналтын ерөнхий хороо 18 гишүүнтэй. УИХ-ын гишүүн, Ёсзүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар уг хороог даргалдаг. Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, Б.Хэрлэн гэсэн их хурлын 3 гишүүнтэй энэ хороо бага хурлаа анхааралтай ажиглаж, намын дүрэм зөрчсөн эсэхийг хараат бусаар хянасан байлтай. Хяналтын ерөнхий хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар өөрөө уг сонгуулиа хүчинтэй болсон, дүрэм зөрчөөгүй гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Гэвч МАН-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Г.Төгөлдөр уг сонгуулийг дүрэм зөрчсөн гэж мэдэгдсэн.

Уг нь Хяналтын ерөнхий хороо энэ маргааныг хянан шийдвэрлэх ёстой ч даргаасаа эхлээд, зарим гишүүн нь “Зөрчөөгүй” гэсэн болохоор одоо шүүхийн шат л үлдлээ. Тэдний хэн нь бодит зүйл ярьж байгааг УДШ дэнсэлнэ. УДШ тус намын шинэ даргыг бүртгэж авах болов уу гэдэг нь анхаарал татаж байна. Аливаа намтай холбоотой өргөдлийг тус шүүх бүх шүүгчээ хуралдуулж шийддэг.

Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн 3 Ерөнхийлөгчийн  зарлиг тосож, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгогдон, УДШ-д бүртгүүлэхэд ч энэ хүн ерөнхий шүүгч байв

УИХ-ын 2024 оны намрын чуулган 2025.01.24-нд сүүлчийн хурлаа хийх үед тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “УДШ-ийн ерөнхий шүүгчээр Д.Ганзориг ажиллаж байгаа үед газрын 1 ч наймаачинд хариуцлага тооцож чадахгүй” гэж мэдэгдсэн юм.

Тэрхүү Д.Ганзориг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.04.12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогджээ. Ерөнхийлөгчийн 2020.06.02-ны өдрийн 77 дугаар зарлигаар УДШ-ийн ерөнхий шүүгч болсон байна. Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн 3 Ерөнхийлөгчийн  зарлиг тосож, Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгогдон, УДШ-д бүртгүүлэхэд ч энэ хүн ерөнхий шүүгч байв.

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Дамдингийн ГАНЗОРИГ

  • 1998 онд МУИС-ийн Хуульзүйн дээд сургууль төгссөн. Эрхзүйч мэргэжилтэй, хуульзүйн ухааны магистр.
  • 1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
  • 2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2013-2020 онд УДШ-ийн шүүгч
  • 2020 оноос УДШ-ийн ерөнхий шүүгч

УДШ-ийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын тэргүүнүүд ч Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн 3 Ерөнхийлөгчийн үед ажиллаж байгаа хүмүүс. Эрүүгийн болон Иргэний хэргийн танхимын тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015.04.22-ны өдрийн 58 дугаар зарлигаар УДШ-ийн шүүгчээр томилогдож, УДШ-ийн шүүгчдийн 2021.03.05-ны өдрийн зөвлөгөөнөөс танхимын тэргүүнээр сонгогджээ.

Захиргааны хэргийн танхимын тэргүүн нь Ерөнхийлөгчийн 2013.04.12-ны 47 дугаар зарлигаар УДШ-ийн шүүгчээр томилогдсон бол 2022.09.12-нд шүүгчдийн зөвлөгөөнөөс Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр сонгогджээ.

Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Чагдаагийн ХОСБАЯР

  • 2001 онд МУИС-ийн Хуул зүйн сургуулийг эрхзүйч,
  • 2003 онд Төрийн удирдлагын академи,
  • 2014 онд Гаагийн Олон улсын эрхзүйн академи төгссөн.
  • 2007 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд магистр,
  • 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистр,
  • 2011 онд АНУ-ын Бригхэм янг их сургуульд магистр хамгаалсан.
  • 1988-1989 онд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярав;
  • 1997-2001 онд “Даянпан” ХХК-д захирал;
  • 2001-2003 онд “Даянпан” ХХК-д хуулийн зөвлөх;
  • 2003-2004 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч;
  • 2004-2006 онд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч;
  • 2006-2012 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2012-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны X шүүхийн шүүгч;
  • 2015-2021 онд УДШ-ийн шүүгч
  • 2021 оноос УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн

Иргэний хэргийн танхимын тэргүүн Гүррагчаагийн АЛТАНЧИМЭГ

  • 1991 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хуульзүйн ухааны магистр зэрэгтэй.
  • 1991-1995 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн нарийн бичгийн дарга;
  • 1995-1996 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн орлон шүүгч;
  • 1996-1998 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн туслах шүүгч, шүүгчийн туслах;
  • 1998-2011 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч;
  • 2011-2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгч;
  • 2013-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны X шүүхийн шүүгч;
  • 2015-2021 онд УДШ-ийн шүүгч
  • 2021 оноос УДШ-ийн Иргэний хэргийн танхимын тэргүүн

Захиргааны хэргийн танхимын тэргүүн Дашдоржийн МӨНХТУЯА

  • 1997 онд МУИС-ийн Хуульзүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн.
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульзүйн магистрын зэрэг хамгаалсан.
  • 2011 онд Австралийн Холбооны Улсын Мельбурны их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
  • 1997-2002 онд УАБХЕГ-ын дээд сургуулийн Эрхзүйн тэнхимд багш, ахлах багш;
  • 2003-2005 онд АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажилтан;
  • 2006-2011 онд Монгол Улсын ЕТГ-т хуулийн бодлогын асуудал эрхэлсэн референт;
  • 2011-2013 онд Дэлхийн банкны Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн төслүүдэд зөвлөх; “Дашдорж консалтинг” ХХК-д хуульчаар ажилласан.
  • 2013-2022 онд УДШ-ийн шүүгч
  • 2022 оноос УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *