Нэг гартай MVP


Төрөлхийн эмгэгтэй нэг гаргүй төрсөн Э.Булгантамир 15 настай. Тэр Монголын сагсан бөмбөгийн Дээд лигт тоглохыг хүсдэг. Энэ зунаас өөрийнхөө бичлэгийг цахим хуудастаа нийтэлж эхэлсэн. Бичлэгийг нь үзсэн хүмүүс маш их урмын үг хэлж зарим пүүзний дэлгүүрүүд үнэгүй пүүз бэлгэлжээ. Мөн Үндэсний Дээд лигийн тамирчин О.Сэргэлэн, Ж.Оргилболд нар “PG Basketball Academy”-д урилгаар хичээллүүлж байгаа аж. Түүний хувьд НЕБ-ын Сэтгэмж сургуулийн 10-р ангид суралцдаг. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүргэе.

-Э.Булгантамирыг “Инстаграмм” хуудсандаа өөрийнхөө сагс тоглодог бичлэг хийдгээр хүмүүс илүү мэднэ. Ер нь яагаад бичлэг хийе гэж бодсон бэ

Сүүлийн үед хүмүүс контент их хийдэг болсон. Миний дуртай зүйл сагсан бөмбөг болохоор сагсан бөмбөгийн контент хийе гэж бодсон. Манай үеэл ах сагсан бөмбөг тоглодог. Тэр ахтайгаа багаасаа хамт байсаар байгаад сагсан бөмбөгт дуртай болсон.

-Сүүлд ямар тэмцээнд оролцсон бэ?

Сарын өмнө сагсан бөмбөгийн “U15” насны Улсын аварга шалгаруулах тэмцээн болсон.Тэр тэмцээнд “PG Basketball Academy”-аас анх удаа оролцоод багаараа шөвгийн наймд шалгарсан. Анхны том тэмцээн болохоор их сандарсан. Нэг тоглолтод 4 оноо л авсан. Үеийн хүүхдүүд аймар өндөр байсан. Их сайн хүүхдүүд байна лээ.

-“PG Basketball Academy”-д хэзээнээс явж эхэлсэн бэ?

Бичлэг хийж эхэлснээс хойш явж байгаа. Миний бичлэгийг үзээд “ШУТИС Шаркс” багийн тоглогч Ж.Оргилболд урилга өгсөн. Түүнээс хойш сар гаруй болж байна. “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч О.Сэргэлэн болон Ж.Оргилболд багшийн дор бэлтгэл хийх их гоё байгаа. Надад урилга өгч бэлтгэлдээ явуулж байгаа О.Сэргэлэн Ж.Оргилболд хоёр багшдаа баярлалаа.

-Бэлтгэлд хамрагдахаар ямар өөрчлөлт орж байна.

Бэлтгэлд хамрагдахаас өмнө амархан ядардаг байсан. 5 км гүйгээд л сульддаг. Одоо бол 10 км гүйхэд асуудалгүй. Тэсвэр тэвчээр хурд бүх юм сайжирсан.

-Багш нар нь юу гэж захиж байна

Улам хичээгээд бэлтгэлээ сайн хийгээрэй гэсэн.

-Гарных нь талаар ярьж болох уу? Яагаад гараа гэмтээчихсэн юм бэ?

Намайг анх төрөхөд, төрөлхийн ийм байсан гэсэн. Яаж тоглодог вэ гээд л хүмүүс их асуудаг. Жаахан байхад их хэцүү байдаг байсан. Автобусаар явахад жаахан хүүхдүүд хараад энэ гаргүй юм байна гэх зэргээр чанга ярьдаг. Тэр нь эвгүй санагддаг байсан. Юм мэдэхгүй болоод л тэр байх. Одоо бол дасчихсан. Төрөлхийн ийм болчихсон хүмүүс байдаг шүү л гэж захья даа.


-Чи өөр ямар авьяастай вэ?

Би бүх спортоор авьяастай. Хөл бөмбөг, Сагсан бөмбөг тоглоно. Шоо эвлүүлнэ. Хөл бөмбөг тоглож байгаад одоо сагсан бөмбөгөө илүү сонирхож байгаа. Багадаа тамирчин болно гэж боддоггүй байсан. Гурван жилийн өмнөөс л тамирчин больё гэж бодоод сайн бэлдэж байгаа.

-Чиний тоглолтын давуу тал юу вэ?

Хурд бас цацалт. Тэгээд гурваас сайн шиднэ.

-Чиний бичлэгийг олон хүмүүс үзсэн байсан. Бас өнөө цагийн шилдэг тамирчид хараад цахим хуудсандаа хуваалцсан нь ямар санагдсан бэ?

Маш гоё санагдсан. Улам илүү хичээмээр санагдсан. Сайн тамирчин болоод Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигт орж харуулна аа гэж бодсон. Бас бичлэг хийснээс хойш хоёр пүүзний дэлгүүр пүүз бэлгэлсэн. Kobe-5, Book1 гэдэг шинэ пүүзтэй болсон.

-Шинэ пүүзтэй болох мэдрэмж ямар байв.

Их гоё хоёуланг нь зааланд өмсөж тоглосон. Нисэх гээд л байгаа юм шиг, өмнөхөөсөө илүү оноо авах гээд ч байгаа юм шиг их гоё байсан.

-Үндэсний Дээд лигээс ямар тоглогч, баг дэмжиж байна. Хэрвээ одоо байгаа багуудаас аль нэг багт нь орох боломж олдвол ямар баг байх вэ?

Миний дэмждэг үлэг дуурайлал авдаг тоглогч Хасын Хүлэгүүд багийн тоглогч О.Сэргэлэн. Маш сайн бөмбөг эзэмшиж тоглолтыг гоё найруулж оновчтой дамжуулалт өгдөг. Дээрээс нь намхан нуруутай хэр нь маш хурдан. Хэрвээ одоо байгаа багуудаас аль нэг багт нь орвол Бишрэлт Металл багийг сонгоно.

NBA-ээс ямар тоглогч дэмждэг вэ?

Кайри Ирвингийг дэмждэг. Тоглолтын бичлэгийг үзэж дуурайдаг.

-Өндөр хэд вэ?

165-168см байх. Хүн огцом өсдөг гэдэг ш дээ. Тэр нь надад тохиолдоогүй болохоор өсөх байх гэж боддог. Яг энэ жил өсөх юм шиг санагдаад байгаа. /Инээв/

-Хэд хүрээсэй гэж бодож байна.

180 см хүрчхээсэй гэж бодож байна. Тэгвэл яг алах гээд байна. /Инээв/

Хоёр гартай байсан бол бүр илүү тоглох байсан

Түүнийг бидэнд ярилцлага өгөх үед ангийн найзууд нь хамт байсан юм. Найзуудын сэтгэгдлийг  хүргэж байна.

-Танай найз ямар хүүхэд вэ? Та нар хэр сайн найзууд вэ?

Манай найз их сайн хүүхэд. Сагсан бөмбөгийн бүх байрлал дээр тоглодог. Өнгөрсөн жил 9-р ангид Сургуулийн аваргаар шилдэг тоглогч MVP болсон. Нэг гартай байж сургуулийн аваргаар MVP авна гэдэг үнэхээр аймар. Их сайн тоглодог. Хоёр гартай байсан бол бүр илүү тоглох байсан гэж боддог.

Ангийн найз М.Одгэрэл, О.Чилүүгэн

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *