Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн Иргэдийн Нийтийн Хурал 2025.01.08-нд хуралдаж, багийн засаг даргад нэр дэвшиж, иргэдээс 54 хувийн санал авсан С.Н-г багийн засаг даргаар сонгох тогтоол гаргажээ. Түүнтэй хамт уг сонгуульд өрсөлдөж ялагдсан иргэн Б.С уг тогтоолыг хүчингүй болгуулах, өөрийгөө багийн засаг даргаар томилуулахаар шүүхэд хандсан байна.
Учир нь улс төрийн аливаа сонгуульд өрсөлдөж байгаа хүн Монгол Улсын хууль зөрчин, ял шийтгүүлж байгаагүй байх ёстой. Гэтэл С.Н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024.07.18-нд архи ууж, согтуурсан үедээ машин жолоодон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 6 сар тэнсэн харгалзах ял авчээ.
Тэр ийм ялтай байхдаа Дэлгэр сумын Гуулин багийн засаг даргын сонгуульд нэр дэвшиж, ялсан аж. Тус сонгуулийг зохион байгуулсан хороо түүнийг бүртгэн авч, мандат олгон, сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлжээ. Энэ нь улс төрийн намын сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй хүнийг нэр дэвшүүлсэн гэсэн үг юм.
Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болно
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025.06.04-нд Б.С-ын нэхэмжлэлийг хэлэлцээд, “Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон бол төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болно” хэмээн үзэж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулийн багийн ИНТ-ын 2025.01.08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ. Ийн С.Н тус багийн засаг дарга биш болж, ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Харин түүний оронд өөрөө багийн засаг дарга болохыг хүссэн Б.С-ын нэхэмжлэлийг шүүх хүлээж авсангүй. Учир нь ИНХ бол шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, хуулиар олгосон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчим дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага. Тухайн багийн иргэдийг төлөөлсөн төлөөлөгчид нь хуралдаж, багийн засаг даргыг сонгодог.
Иймд Гуулийн багийн засаг даргаар хэнийг сонгохоо тус багийн ИНХ өөрөө шийдэх учиртай. Үүнд шүүх оролцохгүй гэж Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Золбадрах тайлбарлав.