Төрөөс хувийн хэвшилд шилжин ажиллахыг дэмжих өдөрлөгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулжээ. Өдөрлөгт 22 аж ахуйн нэгж, байгууллага 1117 нээлттэй ажлын байрыг танилцуулж, 300 төрийн албан хаагч, иргэд оролцсон байна.
Төрийн албан хаагч ажлын туршлагатай, ачаалал даадаг, цагийн менежмент сайтай гэх мэт давуу тал бий. Тиймээс тэднийг шинэ ажлын байранд хувийн хэвшлийнхэн урилаа. Давхардсан тоогоор 822 иргэн, төрийн албан хаагч хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл зөвлөгөө авч, 229 хүн ажлын байранд шинээр бүртгүүлжээ.
Төрийн албанаас чөлөөлөгдсөн болон ажлын байраа өөрчлөх хүсэлтэй ажлын дадлага, туршлагатай төрийн албан хаагч болон иргэдийг хувийн хэвшилд шилжүүлэн ажиллуулах, холбон зуучлах замаар хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний хомсдолыг нөхөх, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, аж ахуйн нэгжийн бизнес, үйл ажиллагааны тогтвортой, тасралтгүй байдлыг хангах зорилгоор уг өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа.