Дуучин Т.Баясгалан, Кёкүшюүзан Д.Батбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ


Кёкүшюүзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нарт холбогдох газрын хэргийг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.09.26-нд дэнсэллээ. Нийслэлийн Прокурорын газраас энэ хэрэгт доорх хүмүүст яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна. Үүнд:

Шүүдэгч Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Т.Баясгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хэрэгт,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Болормаа, Б.Цэрэндорж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч Д.Батбаяр, Т.Баясгалан нар бүлэглэн, бодит байдлыг нуух замаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, тус яамны Тусгай хамгаалалтын захиргаа удирдлагын газрын холбогдох албан тушаалтнуудыг төөрөгдүүлэн, хуурч нэр бүхий 6 компанийн нэрээр Богдхан ууланд газар эзэмших эрхийг нь залилан авсан гэх хэрэгт тэднийг буруутгасан юм.

Шүүхийн дүгнэлт:

“Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар энэ нь тогтоогдоогүй. Газрыг зориулалтын бусаар ашигласныг нь залилах гэмт хэрэг гэж үзэхгүй. Шүүгдэгч Н.Болормаатай гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар хамтран оролцоогүй байна” гэж үзэн, Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох залилах, мөнгө угаах гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо.

Харин шүүгдэгч Н.Болормаа ганцаараа 2009-2010 онд бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Батбаяр, Б.Цэрэндорж нар бүлэглэн 2011 оны 5-7 дугаар сард бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Иймд Н.Болормаа, Д.Батбаяр, Б.Цэрэндорж нарыг гэм буруутайд тооцов.

Гэсэн ч Д.Батбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Болормаад 10 сая төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Цэрэндоржид 40 сая төгрөгөөр торгох ял оноов. Н.Болормаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна. Тиймээс Д.Батбаяр, Б.Цэрэндорж нараас нийт 12 тэрбум 992 сая 188 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Өмнө нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025.03.17-нд Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, цагаатгасан бол Н.Болормааг “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Харин Б.Цэрэндоржийг “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жил хорих ялаар шийтгэсэн юм.

Үүнийг прокурор болон шүүгдэгч Б.Цэрэндорж нар эсэргүүцсэн. Давж заалдах шатны шүүх 2025.05.27-нд үүнийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Үүний дагуу анхан шатны шүүх уг хэргийг дахин хэлэлцэн шийдвэрлэсэн нь энэ юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *