Д.Амарбаясгалан, Г.Занданшатар 2 нэгийгээ үзэж, нэхийгээ тайлалцана


Нэгийгээ үзэж, нэхийгээ тайлалцахаар шийдсэн Их хурлын дарга, Ерөнхий сайд хоёрын тэмцэл хаана хүрч, юу болж дуусахыг таашгүй. Төгсгөлийг нь өөрсдөө ч мэдэхгүй эхлүүлсэн энэ тэмцэл улам ширүүсэн, Д.Амарбаясгаланг шүүхийн танхимд аваачих, Г.Занданшатарын засгийг огцруулах үйл ажиллагаа болж хурцадлаа.

Хөндлөнгөөс харвал Д.Амарбаясгаланг шүүхийн танхимд аваачихаас  Г.Занданшатарын засгийг огцруулах нь хамаагүй хялбар, бас хурдан. Тиймээс ч Ерөнхий сайдыг танхимынхаа 1 гишүүнийг сольж, Л.Мөнхбаатарыг Б.Энхбаяраар солих тухай мэдэгдмэгц зөрүүлээд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Засгийн газрыг бүхэлд нь унагах төлөвлөгөөнд шилжив.

Л.Мөнхбаатарыг Б.Энхбаяраар солих тухай мэдэгдмэгц зөрүүлээд Засгийн газрыг бүхэлд нь унагах төлөвлөгөөнд шилжив

“Нүүрсний сонсгол” зохион байгуулж, “Нүүрсний хэрэг 1”-ийг ил болгосон Б.Энхбаяр МАН-ын даргын сонгуульд Д.Амарбаясгаланг нэр дэвшихээ зарламагц бага хурлынхаа өмнө “Нүүрсний хэрэг 2”-ыг гаргаж ирсэн. Баримт материал цуглуулж байгаад хэрэг болоход нь ашигладаг хэзээний танил технологи энд давтагдсан ч нүүрс гэдэг нүгэлтэй их мөнгөтой холбоотой барим тавим зүйл ярьсан нь яах аргагүй олны ам ангайлгаж, түмний чих дэлгийлгэн, нийтийн нүд бүлтийлгэв.

Нүүрстэй холбоотой нэг биш юм байна гэдгийг өмнө нь сонсголоор мэдэж авсан монголчууд одоо нэжгээд юм байгааг ойлголоо. Гэвч “Нүүрсний хэрэг 1” шүүхэд очихоосоо өмнө АТГ, нийслэлийн Прокурорын газрын аль нэгэнд нь замхарч, шал өөр шошготойгоор ганц хоёр хүн ялласан болоод замхарсан. Тиймээс “Нүүрсний хэрэг 2” түүний хойноос орохгүй гэх итгэл хэнд ч алга.

Энэ бол үнэндээ Г.Занданшатарын хувьд илчлэхийг хүссэн хэрэг биш, МАН-ын тамганы төлөөх зодоондоо ашиглаж байгаа зэвсэг. Түүнийг нь Д.Амарбаясгалан мэдэж байгаа хойно Б.Энхбаярын ярьсан, харуулсан баримтыг няцаах гэхээсээ илүү чадварлаг сайхан яриагаараа анхаарал сарниулах л тоглолт хийв.

МАН-ын дарга болно гэдэг нь засгийн эрхийг авна гэсэн үг

Д.Амарбаясгалан МАН-ын албан ёсны дарга болбол одоогийн Засгийн газар тэртэй тэргүй солигдоно. Тэр Ерөнхий сайдын суудалд шилжиж, Л.Оюун-Эрдэнэдээ одоогийн суудлаа өгнө. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлснээр МАН-ын дарга болно гэдэг нь засгийн эрхийг авна гэсэн үг. Н.Энхбаяр энэ байтугай тэмцэлд орж, ялж, ялагдаж явсны хувьд сайн мэдэж байгаа.

Тиймээс Г.Занданшатарын хувьд алдах юм алга. Үлдсэн багахан хугацаандаа үзэлцээд байхаас өөр сонголт түүнд үлдсэнгүй. Гэвч түүнд хугацаа даанч бага байна.

УИХ-ын даргыг номхотгох, Ерөнхий сайдын суудлаа авч үлдэх, 2026 оны улсын төсөв батлуулах гээд найгүй их ажил байхад, цаг хэдийнэ цахилж байгаа нь хоржоонтой. Өөрийн нам доторх түмэн асуудлаа яая гэж байхад өөр намынхныг царайчлах болж байна. МАН-д эвгүй, маньд сонин энэ үйл явдлын төгсгөл эвтэйхэн байгаасай даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *