Танилц: Өвлийн олимпын нээлтэд манай тамирчдын өмсөх хувцас


Монголын баг тамирчид “Гоёл кашмер”-ын ёслолын хувцсаар “Милан Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана. Тус хотод өвлийн олимп эхлэхэд 127 хоног үлдлээ.

Монголын үндэсний олимпын хороо, “Гоёл кашмер” ХХК өчигдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолд Монголын баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг урлахаар болов.

Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг нэгдсэн хувцас, хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлын хэсгийг МҮОХ, БТСУХ хамтран өнгөрсөн 7 дугаар сард байгуулжээ. Энэ ажлын хүрээнд МҮОХ-оос ёслолын хувцас урлах нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, ажлын хэсэг болон тамирчдын саналыг харгалзан, эцсийн шийдвэрийг гаргасан байна.

Олимпын нээлт, хаалтын ёслолын хувцас нь тухайн улсын түүх, соёл, уламжлал, орчин үеийн хөгжлийг харуулдаг онцгой ач холбогдолтой. Энэ удаа Монголын тамирчид үндэсний өв уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан ёслолын хувцастайгаар Дэлхийн хамгийн том спортын “тайз”-наа алхана.

“Гоёл кашмер” ХХК 2005 онд байгуулагдсан, 200 гаруй ажилтантай үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгчийн нэг. Тус компани зуун хувь ноолуур, торгон ноолуур, сарлагийн хөөвөр болон бусад материалаар жилд 300 мянга гаруй сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 10 гаруй улсад экспортолдог.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *