Хараалын үг хүлхсэн хүүхэд, залуусаа яана аа!


… Өглөө автобусанд суув. Дунд сургуулийн болов уу гэмээр хэдэн хөвгүүнтэй зэрэгцэн зогсож таарав. Их л хөгжилтэй юм ярьж байгаа бололтой, дал мөрөө алгадан хоорондоо инээлдэнэ. Гэхдээ нэг л биш. Өгүүлбэр бүртээ хараалын үг.

Тэр п…. минь наашаа хараач.

Өө яадаг ….. вэ?

……… тэгсэн шүү, чи муу ………….

Инээж байгааг нь харвал хоорондоо эвтэй ч юм шиг, зүй бус үг хэллэг хэлж байгааг нь сонсвол хэрэлдээд ч байгаа юм шиг. Яана даа гэж бодсоор автобуснаас буугаад хэд алхтал дахиад л өнөө эвгүй үгс чих дэлсэв. Тогтож харвал нэг, хоёрдугаар күрсээс хэтрэхгүй охид. Түрүүний хөвгүүдийн хэлсэн үг хэллэг тэдний ч амнаас саадгүй гарч байна.

…. За чи ……. гэж ……сан бүр охид болгоны үгийн ард залгавар байнга дагалдах юм.

Ерөөсөө л гудамжинд гараад чих тавин сонсвол хүүхэд, залуусын дунд зүй бус үг хэллэг энгийн үзэгдэл мэт тархжээ. Саяхан даа нэг эмэгтэйг хүүхдийн тоглоомын талбайд сурронтой давхисан хөвгүүдэд шаардлага тавихад, хэлэх хэлэхгүйгээр доромжилж, аргаа барсан эмэгтэй нийгэмд шүгэл үлээсэн. Гарч ирж зоригтой хэлж, дуугарч байгаа нь л энэ.

Хүүхэд гэртээ, ээж аавынхаа дэргэд хараал хэлэхгүй байж болно. Сургууль дотроо, багшийн дэргэд ч хэлэхгүй

Нүдээ аниад, чихээ бөглөөд амьдарсан ч хажууд чинь ирсэн аюулын харангыг тоохгүй өнгөрч болохгүй. Хүүхэд гэртээ, ээж аавынхаа дэргэд учиргүй хараал хэлэхгүй байж болно. Сургууль дотроо, багшийн дэргэд ч тэгэхгүй. Тэгэхээр асран хамгаалагч нар “Манай хүүхэд хараал хэлдэггүй. Минийх л биш” гэж андуурч, хүүхдүүдийнхээ хүмүүжлийг хараа хяналтаасаа алдаж байна. Үүнийгээ ухаарах хэрэгтэйг эцэг эхчүүдэд сэтгэлзүйч нар анхааруулж байна.

Сэтгэлзүйч Р.Энхтүвшин “Бага нас, өсвөр үеийнхэн, залуучуудад стрессээ даван туулах арга замын талаар зааж, зөвлөж өгдөггүй. Хүүхэд, залуус маш их стресстэй байна” гэсэн. Том зургаар нь харж, зөв чиглэсэн бодлого үгүйлэгдэж байгааг ч хэлж байлаа.

Хүүхдүүд стресс бухимдлаа тайлж мэддэггүй болохоор хэрүүл, хараалын үгээр түүнийгээ илэрхийлж, цаашдаа зуршил болох нь элбэг. Мэдээж зүй бус үг хэллэгийг амнаасаа ямар нэгэн саадгүйгээр унагаж байгаа хүүхэд дараагийн буруу зуршлыг дор нь сурна. Ийм хүүхэд муу юманд автахдаа амархан байдаг юм байна. Өнөөдөр хараал хэлж байгаа хүүхэд, маргааш түүнээс ч илүү буруу зуршилд автахыг мэргэжилтнүүд анхааруулсаар.

Хүүхдийг өөрчилье, хөгжүүлье гэж байгаа бол тэдэнд хэрэгтэй байгаа тулгамдсан асуудал, хүсэл тэмүүллээс нь эхлэх хэрэгтэй. Энэ хүсэл тэмүүллийг сургуулийн орчинд дугуйлан, секц хичээллүүлж хөгжүүлж, түүгээр дамжуулан хувь хүний, нийгмийн боловсрол олгодог.

“Манай хүүхэд хараал хэлдэггүй. Минийх л биш” гэж андуурч, хүүхдүүдийнхээ хүмүүжлийг хяналтаасаа алдаж байна

Гэтэл манай улсад өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд дугуйлан, секц хичээллэх нь бүү хэл гурван ээлжээр сурагчдаа арайхийн багтааж, нэг багшид ноогдох хүүхдийн тоо 60 хүрсэн. Ийм байхад тэднээс хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар нэхэх нь илүүц.

Дунд сургуульд төлөвшиж чадаагүй хүүхэд ийм байдлаараа явсаар насанд хүрнэ. Нэгэнт насанд хүрсэн залууст олон жил хэлсэн, зуршил болсон хараалын үгээ хаях амаргүй. Тийм залуусаас арай соёлтой залуус зайгаа барина. Найзлахыг хүсэхгүй.

Монгол хэлний үгсийн сан хараалын үгээр баяжиж, хэн дуртай нь хэнээс ч эмээхгүйгээр зүй бус үг хэллэг хэлдэг болсон нь хүүхэд залуус төлөвшиж чадахгүй, хүмүүжилгүй залуу үе хүч түрэн орж ирж байгааг “Сэтгэцийн эрүүл мэнд-2025” шийдвэр гаргах түвшний хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд хэлж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *