А.Дэлгэрмаа: NSports сувгаар шууд дамжуулах уран гулгалтын гранпри тэмцээнийг тайлбарлах нь миний мөрөөдөл


Уран гулгалтын элитүүдийн тэмцээн гэгддэг уран гулгалтын гранпри тун удахгүй NTV телевизээр гарна. Үзэгчдийг хоёр сар гаруйн турш цэнхэр дэлгэцийн өмнө “уях” уран гулгалтын гайхамшгийг бидэнд мэдрүүлэхээр мэргэжлийн тайлбарлагч А.Дэлгэрмаа бэлэн болжээ.

Багаасаа энэ спортыг сонирхож, үзэж, судалж ирсэн тэрбээр Монголд үүгээр хичээллэх боломж олдохгүй байсан учир үндсэн хөдөлгөөнүүд нь ижил төстэйгээр нь балетыг сонгон хичээллэжээ. Энэ нь уран гулгалтын гайхалтай агшныг нүднээ зуртал ярьж хэлэх боломжийг түүнд олгожээ. Мэдээж уран гулгалтыг сонирхож явахдаа арлын Япон улсад гулгах боломж тохиож байсан ч тууштай хичээллэх боломж гараагүй юм билээ. Гэхдээ тэр мөрөөдлөө орхиогүй, тууштай судалж, тайлбарлаж, хөгжүүлж ирсэн. Удахгүй Монголын хамгийн анхны олон улсын эрхтэй шүүгч болно.

-Нэлээд сонирхолтой байдлаар уран гулгалтын спортыг тайлбарлахаар болсон юм билээ. Эхлээд энэ талаараа манай уншигчдад сонирхуулна уу?

Уран гулгалт тайлбарлаж эхэлсэн маань санамсаргүй сэдэлтэй. Пёнчоны олимпыг ТВ5 телевизээр шууд дамжуулж байлаа. Дүрс нь сайхан боловч тайлбар нь жаахан дулимаг санагдаад, санал хүсэлтийн утас руу залгаж “Тайлбарлагчид нь уран гулгалтын үндсэн элемэнтийн талаар хэлж өгье” гэсэн санал тавьсан удаатай. Утас авсан хүн маань “Та өөрөө манай телевиз рүү хүрээд ирэх үү?” гэж зөрүүлж асуусан.

Тухайн үед Цагаан сарын баярын амралт тохиосон болохоор “Боломжтой” гэж хэлтэл 20-хон минутын дотор телевизийн машин гэрийн гадаа ирчихсэн. Очоод уулзтал утас авсан хүн нь телевизийн найруулагч нь байсан. Чухал нэвтрүүлгийн үеэр найруулагч нь санал хүсэлтийн утсан дээр өөрөө суудаг байсан юм билээ. Тэгээд миний дуу хоолойны өнгө аясаас өөртөө итгэлтэй ярьж байхаар нь “Уран гулгалт мэддэг хүн байна” гэж таамаглаад, дуудсан гэж хожим хэлсэн.

Тухайн үед бол “Та өөрөө эфирт гарч чадах уу?” гэж асуусан. “Чадна” гэж хэлээд анх удаа чихэвч зүүгээд, эфирт суун, тайлбарлаж байлаа. Энэ тайлбар маш сайхан, сэтгэл хөдлөм байсан. Аль болохоор үзэгчдэд ойлгомжтой, зөв, бодитой тайлбарлахыг хичээсэн. Багш мэргэжилтэй байсан болохоор аливаа юмыг тайлбарлаад дадчихсан маань их тус болсон. Түүнээс хойш олон удаа эфирт гарсан байна. Харьцангуй туршлагажжээ гэж өөрийгөө харж байгаа.

-Одоо бараг уран гулгалт гэхээр Дэлгэрмаа тайлбарлагчийг төсөөлдөг болчхож. Таны ярилцлага, тайлбарласан бичлэгийн дор олон янзын шүүмж, баяр хүргэсэн сэтгэгдэл их харагддаг.

-Уран гулгалтын спортод гадаад нэр томьёо их хэрэглэдэг. Ихэнхдээ нөхөрсөг зөвлөгөө, сэтгэгдэл их ирдэг л дээ. Тэр нь надад их сайхан санагддаг. Гэхдээ уран гулгалтын элемэнт бүр тухайн элемэнтийг анх гүйцэтгэсэн хүний нэрээр нэрлэгддэг юм. Нэг бодлын их ерөөлтэй л дээ. Жишээ нь: Lutz, Axel, Salchow, Loop гэхээр оноосон нэрийг шууд галигчлан хэлэхээс өөрөөр орчуулах боломжгүй.

Би хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалсан, багш, судлаач хүн. Тэгэхээр тухайн спортын соёлыг тухайн ухагдахуунтай нь хамт суралцаж, хэрэглэх нь зөв юм аа.

Гулгаж байгаа хүний бие, сэтгэл рүү шилжиж, мэдэрч байж тэр хүнээ юуг, яаж хийж байгааг илүү ойлгож, тайлбарладаг. Аль болох яаж гүйцэтгэж байгааг нь дотроос нь харахыг хичээдэг болохоор дууны өнгө аяс хүртэл өөр болно. Ерөөсөө дуу хоолой гэдэг чинь сэтгэл санааны тусгал болохоор маш нарийн мэдэрч сонсдог төрлийн хүмүүс л их ойлгож, баяр хүргэдэг. Гоё мэдэрч үздэг хүмүүс байна.

-Гранпри элитүүдийн цуврал тэмцээнээр олимпод оролцох, медаль авах тамирчдын чансаа тодрох байх?

-Гранпри элитүүдийн цуврал тэмцээнийг саатан сонирхож, тухалж үзээрэй гэж хүсэх байна. Яагаад гэвэл он гараад 2-р сард “Милан, Кортин 2026” өвлийн олимп болно. Энэ олимпод оролцох, медалийн төлөө өрсөлдөх, эхний 10-т жагсах элит тамирчид энэ гранпригээр шигшигдэх юм.

Сэтгэл их догдолж байна. Яагаад гэвэл анх удаа Монголд уран гулгалтын гранприг шууд дамжуулна. Үүнийг тайлбарлах нь миний мөрөөдөл.

Манай улс олон улсын стандартад нийцсэн мөсөн өргөөтэй болсон. Үндэсний шигшээ тамирчинтай боллоо. Бага багаар ч гэсэн уран гулгалтын спорт хөгжиж байна. Одоо гранпри тэмцээнийг шууд дамжуулахад хүүхэд, залуус уран гулгалтын спортыг сонирхох нь улам ихсэх байх гэж найдаж байна.

Миний хувьд олон улсын шүүгчийн эрх авахаар үе шаттай сургалтад суугаад явж байна. Хэд хэдэн тэмцээнийг үндэсний шүүгчийн статустай шүүж үзлээ. Өнгөрсөн үйл явдлуудыг бодоход чамгүй сайхан амжилттай байна.

-Та олон улсын шүүгчийн эрхийг хэдийгээр авах бол. Ер нь тайлбарлагч хийх, шүүгчээр ажиллах хоёр тэс өөр биз?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Намайг шүүгч болохоор сэтгэл шулуудахад Монголын тэшүүрийн холбоо их тусалж дэмжсэн. Японы тэшүүрийн холбооныхондоо бас баярласнаа илэрхийлье. Богино хугацаанд өргөн хамтын ажиллагаа хөгжүүлж чадсан.

Шүүнэ гэдэг бол тайлбарлахаас илүү хүнд үйл явц байдаг. Илүү хариуцлагатай, алдаж болохгүй. Жишээлбэл: Тамирчин гулгаж байна гэж бодъё. Мөс гөлгөр, байнга зогсохгүй, тасралтгүй үргэлжилнэ. Богино үзүүлбэр бол 2 минут 50 секүнд. Чөлөөт үзүүлбэр 4 минут.

Зогсолтгүй ар араасаа үзүүлбэр үзүүлэхэд, нэг гараараа онооны системийг компьютерт оруулж, нөгөө гараараа протоколоо хөтлөөд, нүдээрээ харах хэрэгтэй. Зэрэг зэрэг бүх мэдрэхүйгээ ажиллуулах ёстой болдог. Секүнд, долиор хэмжигддэг нарийн спорт учраас энэ хугацаанд төвлөрч чаддаг байхыг шаарддаг. Тэмцээн дууслаа, системд орсон оноонууд вэбсаитад автоматаар шууд гарч ирнэ. Харин оролцож байгаа тамирчин бүрийн гүйцэтгэлийг эргэн харж, протокол хөтлөх боломж байдаггүй. Тийм учраас л маш хурдтай байх шалгуур тавьдаг.

Яагаад протокол хөтөлдөг вэ гэхээр тэмцээний дараа шүүгчдийн дугуй ширээний уулзалт болдог. Энэ үед өөрийн тавьсан оноогоо хамгаалах хэрэг гарна. Оноогоо хамгаалахын тулд тамирчин болгоны гүйцэтгэлийг тэмдэглэж, яагаад энэ тамирчинд ийм оноо өгсөн бэ гэдгээ хамгаална.

Миний хувьд үүнийг хийж болоод байгаа нь залуудаа шууд орчуулга хийдэг байсан нь их нөлөөлсөн. Секүнд, долийн дотор анхаарлаа төвлөрүүлэх чадвар суусан байсан маань уран гулгалт шүүхэд илүү дөхөм байсан болов уу. Мэдээж хэрэг амаргүй. Дасгал сургуулилалт, байнга бэлтгэл хийх ёстой. Дээрээс нь улирал болгон дүрэм журам шинэчлэгдэнэ. Тэр шинэчлэлийг байнга мэддэг байх ёстой. Олон дүрэм журамтай учраас тэр болгоныг санаж байх ёстой. Байнга л харж, мэдлэгээ баталгаажуулна. Холдож болдоггүй. Одоо болчихлоо гээд түр хойш нь тавьж болдоггүй, нарийн эд байгаа юм аа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *