Явж явж Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргаар үлдэнэ


МАН-ын даргын сонгууль явагдаж дуустал чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор, бичгээр гаргаагүй байсан гэх хардлага дагуулсны дараа Л.Оюун-Эрдэнэ 2025.09.27 гэсэн огноотой өргөдөл олон нийтэд үзүүлэв. 10-р сарын 1-нд түүнийг нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэлж, олны хардлагыг тайлах гэж оролдов.

Тухайн үед өгсөн юм уу, дараа нь нөхөж бичсэн үү, ямартай ч “МАН-ын бага хуралд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэсэн үгтэй бичиг байх нь байна.

Д.Амарбаясгалан андыгаа 56.1%-ийн санал авсны дараа, бүүр түүний ч дараа нөхөж бичсэн нь үүнээс ил болов

“МАН-ын даргаас чөлөөлөгдөх өргөдлөө Л.Оюун-Эрдэнэ өгсөн үү?” гэсэн сэтгүүлчдийн асуултад МАН-ын бага хурлын Тооллогын комисс “Өгсөн” гэж 9-р сарын 28-нд хариулсан ч өөр баримт нотолгоо харуулаагүй. Харин 9-р сарын 30-нд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Яах вэ, цаг хугацааны хувьд ар дээр нь өгсөн” гэж үнэнийг хэллээ. Тэр “УДШ-д МАН-ын даргыг шинэчлэн бүртгүүлэх материал дотор “Чөлөөлсүгэй” гэсэн тогтоол, “Өөрийнх нь хүсэлтээр” гэсэн үг, тэр хүний өргөдөл цаг хугацаатай байх хэрэгтэй. Тухайн өдөртөө байх ёстой. Өргөдөл урд нь байсан уу, хойно нь байсан уу гэдэг нь асуудал биш” гэж мэдэгдэв.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бага хурал эхлэхэд өргөдлөө өгөөгүй байжээ. Д.Амарбаясгалан андыгаа санал хураалтаар 56.1%-ийн санал авсны дараа, бүүр түүний ч дараа нөхөж бичсэн нь үүнээс ил болов. Ж.Бат-Эрдэнэ гишүүн үүнийг хүлээн зөвшөөрлөө.  

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөгүй байхад нь МАН-ын бага хурал хуралдан, түүнийг намын даргын албан тушаалаас хүчээр чөлөөлж, сонгууль явуулаад, шинэ дарга сонгочихсон болж таарав. Ийм тохиолдолд Ж.Бат-Эрдэнэ гишүүний тайлбарласан “Өөрийнх нь хүсэлтээр” гэдэг үг тэр өргөдөл дээр яаж бичигдсэн байх вэ? Л.Оюун-Эрдэнээр хүчээр бичүүлсэн байж болох уу? Энэ хүн өөрөө чөлөөлөгдөхийг хүсээгүй юм байна шүү дээ.

МАН-ын даргын тамгыг өгөхгүй байх, өөртөө авч үлдэх арга саам хайсаар Л.Оюун-Эрдэнэ бүхнийг хийж байна

Хэрвээ чөлөөлөгдөх өргөдлийг сонгууль явуулахаас өмнө бичих албагүй, дараа нь бичиж болдог юм бол “Өөрийн хүсэлтээр” гэдэг үг хэнд хэрэгтэй юм бэ? “Хүчээр чөлөөлөгдөж байна” гээд үнэнээ биччих хэрэгтэй юм биш үү!

Үнэндээ бол Л.Оюун-Эрдэнэ хүчээр чөлөөлөгдөж байгаа хүн л дээ. Тэр Ерөнхий сайдын суудлаас огцрохыг хүсээгүй. Түүнийг огцруулсан. Тэр МАН-ын даргын тамгыг өгөхийг хүсээгүй. Өг гэж шаардсан. Тэр буруу харж уйлан, зөв харан инээж байгаад Д.Амарбаясгаланд тамгаа гардуулахыг түмэн харлаа.

МАН-ын даргын тамгыг өгөхгүй байх, өөртөө авч үлдэх арга саам хайсаар Л.Оюун-Эрдэнэ бүхнийг хийж байна. МАН-ын энэ удаагийн бага хурал бол түүний хүсэж, ахынх нь найруулан, УИХ-ын дарга гол дүрд нь тоглосон жүжиг байлаа. Чөлөөлөгдөх өргөдлөө эхэлж өгөлгүй гүрийж байгаад, дараа нь нөхөж бичсэн нь ч үүнтэй холбоотой. Санал хураалтаар Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9%-ийн санал аваагүй бол, санал хураалтын дүн эсрэгээрээ байсан бол Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй байх байжээ. “Намайг өргөдлөө өгөөгүй байхад, нэр дэвшигчид тодруулан, санал хураалт явууллаа” хэмээн эсэргүүцэж, өдийд бөөн бантан хутгачихсан суух байсан биз.

Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар бүртгэхгүй бол Л.Оюун-Эрдэнэ даргаар үлдэнэ

Улсын дээд шүүх Д.Амарбаясгаланг МАН-ын даргаар бүртгэхгүй байх магадлал тун өндөр. Бүртгэхгүй бол Л.Оюун-Эрдэнэ даргаар үлдэнэ. Д.Амарбаясгаланд гардуулсан тамгаа буцааж авна. Г.Занданшатарт намынхаа тамгыг өгөхгүй байх нь л түүний хувьд гол болохоос МАН-ын нэр хүнд унана уу, засаг хямарна уу, Монгол Улсын 2026 оны төсөв энэ тэр падгүй. Түүнд МАН-ын даргын тамга л хамгийн чухал ажээ. Нэмээд одоогийн засгийн газрыг унагаж чадвал түүнд бүүр хожоотой.

Ийм л гаргалгаа гаргаж, МАН-ын энэ удаагийн бага хурлыг бантагнуулсан хэрэг. Хууль зүй, дотоод хэргийн сайдаа сольж, Б.Энхбаяраар Ганцмод-Гашуунсухайтын боомтыг төмөр замаар холбох гэрээний ард юу хийснийг нь шалгуулах гэсэн Г.Занданшатарын төлөвлөгөөг Б.Амарбаясгалан гацааж байна. “Хэлэлцэх асуудлаа урьдчилж товлодог. Өнөөдрийн хуваарьт ХЗДХ-ийн сайдын томилгоо багтаагүй” гээд гэдийчихлээ. Б.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарт ганц өдөр ч ганцдахгүй хэрэгтэй. Г.Занданшатарын ажлыг хэр удаан хойшлуулж, төлөвлөгөөг нь яаж нураана, тэр хэрээр тэдэнд ашигтай. Түүнийхээр ч болж байгааг та бид харж байна.

Үнэхээр нүүрсний гэх хэрэгт хамаагүй бол нэрээ түмний нүдэн дээр цэвэрлэж авах боломж Б.Амарбаясгаланд одоо олдож байна. Тэгж чадвал түүнд МАН-ын дарга байтугай үүд нээгдэж, ирээдүй түүнийг алга дэлгэн угтана. Үүнийгээ ч тэр мэдэж, түүний төлөө хичээж байна.

Жүжиг дөнгөж эхэлж байна. Үзэгчид суудалдаа тухлаарай.      


One response to “Явж явж Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргаар үлдэнэ”

  1. ОЮУН-ЭРДЭНЭ ЭРГҮҮ ТӨЛӨГ ! МИНИЙ ГАРААС ХАА ХОЛДОХ ВЭ ! АХ БААТАР НЬ ГЭРЧИЛНЭ !

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *