Бэрс гарсан хүүгийн үлгэр


Эрт урьдын цагт биш, энэ манай үед юм гэнэ. 8 хүүтэй ноён байжээ. Бэрс хүү нь эрдэм боловсрол гайгүй, энгийн даруу зантай юм болохоор нь тэр хүүгээрээ ноён хууль дүрэм мануулах ажлаа хариуцуулдаг байв. Хамгийн сэргэлэн хүүд ард түмний аж амьдрал, мөнгө санхүүгийн ажлыг даалгажээ. Нэгэн удаа төрийн сонгуульд ахмад хүү нь зодоглоод, түмний өмнө өвдөг шорооджээ.

Ажаад байсан чинь бэрсийг унагах ажилд хүүнүүд оролцсон янзтай. Өөрт нь дэгээ тавьсан хэргийн эзэн хүүнүүд дунд нь байгааг бэрс мэдсэн ч нэг их дуулиан болгосонгүй. Бэрсийг өөр хошуунд очиж өрсөлдөх гэж байхад нь өөрийн нутагтаа өрсөлдөх нь өлзийтэй гэж 1 хүү ятгасан юм байжээ. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдэг ардын үгийг санаж, ноён, бэрс хоёр чимээгүй л байжээ. Бэрсийн байрлалаа алдан, хүү болсон түүнийг харсаар яаж хөсөр хаях билээ, ноён дэргэдээ авчээ.

Түүний ажлыг арай зангарагтай 3 дахь хүүд даатгаж, бэрс гарган, хууль дүрэм манах үүрэг хүлээлгэв. Тэгж байтал санхүү манадаг хүүний чих хатуурч, ноёны үгийг сонсохоо байж, өрөөлийн үгийг өлгөн авч эхлэв. Харсаар байтал нүдэн дээр нь өөрчлөгдөв. Наанаа малилзтал инээж гэмгүй царайлан, цаанаа ноёнтой шөргөөцөлдөх болов. Ноёны суудалд санаархаж, элдэв арга саам сүвэгчилж эхэлжээ.

Ялгадсан дээр цугладаг ялаатай зүйрлэв. Баасан дээр багшралддаг батганатай адилтгав

Ноён залгамж халаагаараа өөрийг нь биш, хуучин бэрсийг дэвшүүлж магадгүй хэмээн сэрдэж, хэргэм зэргийг нь залгамжлах хэтийн зорилгодоо шуударчээ. Түүгээр ч үл барам түмэн олны дунд ноёны тухай ноцтой цуурхал тараалаа. Ноён хугацаагаа сунгаж, суудалдаа үүрд үлдэхийг хүсэж байна гэнэ. Хууль хүртэл өөрчилж, хаан болохыг санаархаж байна гэнэ. Ардчилсан ёсыг халж, автократ дэглэм тогтоохыг зорьж байна гэнэ. Халсан коммунизмыг сэргээж, хэмжээгүй эрх эдлэх гэж байна гэнэ. Ард түмэн цочирдов. Амаа ангайн гайхав. Арай ч үгүй байлгүй гэж эргэлзэв. Айхтар юм болж байгааг гадарлав.

Ноён тэрхүү ноцтой цуурхлыг няцаав. Тийм санаа байхгүй гэж тэнгэрийн доор тангараглав. Ийм байдалд оруулсанд нь итгэж ядан бачимдав. Тийм юманд холбосонд нь тэсэж ядан тэлчлэв. Бэрс гаргасан хүү нь ноёноо ноцсонд хилэгнэв.

Тун удалгүй санхүү манадаг бэрс хүүний буман булхайн зах зух илрэв. Түүний хүү нь баярхаж, бэр нь тансаглажээ. Баргийн хүн авч хүчрэхээргүй бэлзэг сүйт бүсгүйдээ бэлэглэж гэнэ. Брэндийн цүнх өгч гэнэ. Нисдэг тэрэг хөлөглөж гэнэ. Найрын оршил сүйн ёслолоо нижгэр тэмдэглэж гэнэ.

Яг одоогоор ноён хамгийн эвгүй байрлалд байна

Бизнес эрхэлж үзээгүй атлаа бийлэгжүү загнасан түшмэлээс түмэн олон тайлбар шаардав. Түмний хөрөнгөөс завшсан юм биш биз гэж хардав. Орлогоо нотлох, эс бөгөөс огцрох гэсэн сонголт тулгав. Төв талбайд хүмүүс жагсав. Залуус жагсаалыг түүчээлэв. Ажил хийх нь байтугай сургуульд сурч үзээгүй цагаан гартай үеийнх нь залуу Дэлхийн тэрбумтан шиг аашлахыг залуус хараад, тэвчиж сууж чадсангүй. Талбай дээр бүгд нэгдэв.

Түшмэл огцрохыг хүссэнгүй. Орлогоо бүүр нотолсонгүй. Харин ч огцрохыг шаардаж жагссан залуусыг ойгүй муухайгаар хэлэв. Ялгадсан дээр цугладаг ялаатай зүйрлэв. Баасан дээр багшралддаг батганатай адилтгав.  

Бэрс гаргасан 1 хүү нь буруу замаар орсныг ойлгосон ноён шийдсэн нүүдэл хийв. Санхүү манах ажлыг нь түүнээс бушуухан салгаж авав. Хүү сэнтийгээс буухыг хүссэнгүй, албан тушаалтайгаа зууралдав. Улсын их хуралдайг өөрийн талд эргүүлэв. Ноён хуралдайд морилов. Бэрсийг буудлаас нь түлхэн, хуучин бэрсийг оронд нь тавьжээ.

Өндөр сэнтийд өөрийн дураар тарвалзсан үеэ хүү санагалзаж, бэрсийн буудал дээр буцаж очих төлөвлөгөө боловсруулжээ. Хуулийн манаач бэрсийг ятган сэнхрүүлж, өөрийн талд татав. Мөнгөний манаачаар очих нь шинэхэн бэрсэд таалагдав. Учиргүй их бяр амтагдаж, ноёныг бэрстэй нь мадлах хамтын төлөвлөгөөндөө шилжин, бэрсийг ирүүлд дуудав. Уулгүй талд, усгүй цөлд, засаггүй бэрс хонон өнжин тулалдсан ч хэн нь ч хожсонгүй.

Шатар тоглогч талууд барагтай бол хүүг бэрс гаргадаггүйн учир ийм ажгуу

Тулаан тэнцээгээр дууссан ч хууль манадаг бэрс тоглоомын дүрмээ зөрчин, өөрийгөө ялагчаар зарлав. Өөдгүй арга хэрэглэсэн бэрс хүүд өөр хариу барихаар ноёны бэрс морио түлхсэн ч бэрс хүү ацалчихлаа. Ноён хоёр бэрсийг эв зүйгээр асуудлаа шийдэхийг сануулж, эвлэрэх орон зай гаргаж өгсөн ч аль ч бэрс ухрах шинжгүй. Булаацалдсан тамгаа авч, ашигтай буудалд очихыг хоёул хүснэ. Тамганы эзнийг тодруулж байж л энэ тоглоом төгсөх учиртай.

Бэрсээ байсан хүүг буцаагаад бэрс гаргах, өөрөө ноёны бэрс болохыг бэрс хүү зорьсон. Одоо тулааныг тэнцээгээр төгсгөвөл энэ бүхэн үгүй болно. Бэрс хүүгийн дээлний захыг бэрсээ байсан хүү мушгиж байгаа цагт тулаан тэнцээгээр төгсөх боломж бараг тэгтэй тэнцүү. Гэхдээ бас бэрсээ байсан хүүд тамгыг үлдээж, дахин бэрс гарах боломж олговол энэ тулаан тэнцээгээр төгсөх магадлал бий.

Энэ тулаанд яг одоогоор ноён хамгийн эвгүй байрлалд байна. Бэрс гарсан хүү түүнийг ацан шалаанд оруулчихсан. Ноён ухарвал бэрсээ алдана. Бэрсгүй шалдан ноён шууд ялагдана. Бэрс гаргасан хүүнүүддээ шалуулна гэдэг хүсэх юм биш ажээ.

Шатар тоглогч талууд барагтай бол хүүг бэрс гаргадаггүйн учир ийм ажгуу.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *