Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган-Угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт холбогдсон Р.Баатархүү, Б.Үнэнбат, С.Чинбат, Х.Бат-Эрдэнэ, Б.Ганзориг, Да.Пүрэвдорж, Г.Эрдэнэ-Очир, Г.Баянмөнх, Кожинов М.Александрович, Гуськов И.Владимирович, Г.Одхүү, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Г.Ганзориг, Г.Нямдорж, Ц.Мягмарсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч Р.Баатархүү, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж, Б.Түвшинжаргал, Б.Анхбаяр, Ц.Дэлгэрням, Б.Ганболд, шүүгдэгч Ж.Мөнхзориг, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүгдэгч Г.Эрдэнэ-Очирын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б.Ганзоригийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Ж.Өнөржаргал, шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.Үнэнбат, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Б.Ганболд, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч С.Чинбат нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн Улсын дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцэнэ.
Тэдний гэм бурууг нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2025 оны 3-р сард 13 өдөр хэлэлцэн, шийдвэрлэсэн.
Хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан гэх хэрэгт УЕПГ-ын Тамгын газрын дарга, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Нуурын Чинбаа” гэх хочтой С.Чинбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов тэргүүтэй хүнийг буруутган, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэд Мянган-Угалзатын нурууны Цагаан-Эрэг гэх газраас хууль бусаар гянтболд олборлож, БНХАУ руу гаргасан гэх хэрэгт холбогдсон юм.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, С.Чинбат, Б.Ганзориг нарт холбогдох зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх, Кожинов Марк Александрович нарт холбогдох хууль бусаар ашигт малтмал олборлох хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.
Шүүгдэгч Р.Баатархүүг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 8 жил хорих ял,
Шүүгдэгч Б.Үнэнбатыг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 6 жил хорих ял,
Шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 4 жил хорих ял,
Шүүгдэгч Б.Ганзоригийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих ял,
Шүүгдэгч Г.Эрдэнэ-Очирыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сар хорих ял,
Шүүгдэгч С.Чинбатыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 3 сар хорих ял оноосон юм.
– Шүүгдэгч Кожинов М.А, Гуськов И.В, Ц.Мягмарсүрэн, Г.Одхүү, Г.Баянмөнх, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал нарыг хахууль өгөх, авах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Кожинов М.А, Гуськов И.В, Ц.Мягмарсүрэн, Г.Одхүү, Г.Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
– Шүүгдэгч Да.Пүрэвдорж, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал нарт торгох ял оноосон.
– Н.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Г.Нямдорж, Г.Пүрэвганди, Ч.Батсансар, Ч.Уранчимэг, П.Галцог, Ц.Ганболд, Ч.Галбадрах, Д.Цогбадрах, Ш.Санчир, Д.Хэрлэнчимэг, Н.Энхмандах нарын нэр бүхий 13 хүнд холбогдох зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, хууль бусаар ашигт малтмал олборлосон, хахууль авсан гэх гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.
Шүүгдэгч Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, Б.Ганзориг, Г.Эрдэнэ-Очир, С.Чинбат нараас хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн хохиролд нийт 5.308.517.248 төгрөг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгосон.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож шүүгдэгч Ц.Мягмарсүрэнгээс 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, Г.Ганзоригоос 3.000.000 төгрөг, Б.Сүхбаатараас 5.800.000 төгрөг, Дэ.Пүрэвдоржоос 8.300.000 төгрөг, Ж.Мөнхзоригоос 30.000.000 төгрөг, Ж.Өнөржаргалаас 30.000.000 төгрөг, Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ нараас тус бүр 5.344.533.333 төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Үүнийг тэд хүлээн зөвшөөрөөгүй тул давж заалджээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025.06.24-нд тэдний гомдлыг хэлэлцээд, анхан шатны шүүхийн тогтоолын зарим заалтыг өөрчлөөд, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.