Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өнөөдөр Мянган-Угалзатын нурууны Цагаан-Эрэг гэдэг газраас ашигт малтмал олборлосон хэрэгт холбогдсон 18 хүний хэргийг дэнсэллээ. УЕПГ-ын Тамгын газрын дарга, Хууль зүйн яамны ТЗУГ-ын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан Ч.Батсансар, “Өгөөжтэй өв” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Нуурын Чинбаа” гэх хочтой С.Чинбат, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов нар Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган-Угалзатын нурууны тусгай хамгаалалттай газраас хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэрэгт холбогдсон юм.
Р.Баатархүү, Б.Үнэнбат, С.Чинбат, Х.Бат-Эрдэнэ, Б.Ганзориг, Да.Пүрэвдорж, Г.Эрдэнэ-Очир, Г.Баянмөнх, Кожинов М.Александрович, Гуськов И.Владимирович, Г.Одхүү, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Г.Ганзориг, Г.Нямдорж, Ц.Мягмарсайхан нарт холбогдох хэргийг шүүгдэгч Р.Баатархүү, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж, Б.Түвшинжаргал, Б.Анхбаяр, Ц.Дэлгэрням, Б.Ганболд, шүүгдэгч Ж.Мөнхзориг, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш, шүүгдэгч Г.Эрдэнэ-Очирын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Б.Ганзоригийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүгдэгч Ж.Өнөржаргал, шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Б.Үнэнбат, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Б.Ганболд, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч С.Чинбат нарын гаргасан гомдолд үндэслэн, УДШ энэ хэргийг хянан хэлэлцэв.
Эдгээр 18 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн”, 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн”, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн”, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан”, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэмт хэрэгт холбогдсон юм.
Тэдний гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэх явдлыг арилгах үндэслэлд хамаарч байна” гэж УДШ үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.