О.Цогтгэрэл: МАН ажил хийж байна гээд хулгай хийж явсны гор одоо гарч ирж байна


УИХ-д суудалтай намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг. Гэвч өнөөдөр Төрийн ордон эл хуль байна. Хуваарь ёсоор АН-ын бүлэг Төрөөс баримтлах мөнгөний бодлогын асуудлаар хуралдсан бол МАН болоод Хүн намын зөвлөл хуралдсангүй. УИХ-ын гишүүн П.Сайнзориг ЗГ-ыг огцруулах бичигт УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн гэдэг мэдээлэл цацагдаад байна. Гэвч АН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаагүй болохыг тус намын дарга О.Цогтгэрэл мэдэгдлээ. Ингээд түүнээс авсан тодруулгаа хүргэе.

-УИХ-ын үйл ажиллагаа алдагдаад байх шиг байна. Чуулган пүрэв, баасан гарагт хуралдсангүй. Өнөөдөр ч МАН-ын бүлэг хуралдсангүй. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-УИХ-ын чуулган хуралдахгүй байгаа нь хурал зохион байгуулагчдын асуудал. АН-ын бүлэг чуулганаас завсарлага аваагүй. Бид өнгөрсөн баасан гаргийн хуралдаанд оролцсон. АН-ын бүлгээс гарсан шийдвэр болон АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрээ дагаж ажиллана.

-МАН-ын даргын асуудал төрийн ажлыг гацаагаад парламентын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөөд байх шиг?

-Одоо улс төрийн нөхцөл байдлыг харахад МАН мөрийн хөтөлбөр нэртэй олон жил ард түмнийг хуурч явсны гор гарч байна. Ажил хийж байна гээд хулгай хийж явсны гороор МАН-ын дотоод асуудал төрийн хямралд хүргэж байгааг та бүхэн бүгд харж байгаа байх. МАН одоо зүй зохистой зарчмаа барьж, улс орныхоо эрх ашгийг бодож ажиллах ёстой. МАН-ын асуудлаар АН бүлэг хуралдаж, нэгдмэл шийдвэр гаргаагүй. Тиймээс гишүүдийг ийм, тийм гэж дүгнэх шаардлага байхгүй.

-АН-ын бүлгийн гишүүдийн зарим нь ЗГ-ыг огцруулах бичигт 100 мянган доллароор гарын үсэг зурж байна гэдэг мэдээлэл тарах боллоо?

-Тийм хов живэнд хариулах шаардлага байхгүй. Өнөөдрийн бүлгийн хурлаар хэлэлцэх асуудлаа хэлэлцээд тарсан. Өөр бусад нам болоод ЗГ-ын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлээгүй.

-Та хувь гишүүний зүгээс ЗГ-ыг огцруулах асуудлыг дэмжих үү?

-Би намын дарга, бүлгийн даргын ажил үүрэг хүлээж байгаа хүн хувь гишүүний байр суурь илэрхийлэх боломжгүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *