Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 1989 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Шилмэл мал 2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа энэ сарын 3, 4-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээ нь Монгол орны мал аж ахуйн салбарын шилдгүүдийг нэг дор цуглуулж, ашиг шим сайтай, баталгаажсан үүлдэр омгийн мал сүргийг таниулан сурталчлах, туршлага солилцох, шинэ технологи, инновацыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын 10 аймгаас 250 гаруй малчин, мал аж ахуй эрхлэгч, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, малын биобэлдмэл, тэжээл, эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцсон юм. Үзэсгэлэнд Монгол Улсад үржүүлж буй “Үзэмчин”, “Тамир-2”, “Суффолк” үүлдрийн хонь, “Эрчмийн хар ямаа”, “Герефорд”, “Халимаг”, “Сэлэнгэ” үүлдрийн тэргүүтэй ашиг шим өндөр, малыг танилцуулан дуудлага худалдаа зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулан шагнасан юм.
Мөн малын эм, биобэлдмэл, тэжээлийн шинэ бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн инновацийн шийдлүүд, мах, сүү, ноос, ноолуурын чанараар шалгарсан шилмэл малыг олон нийтэд танилцуулсан нь үзэсгэлэнгийн онцлог байлаа. Дуудлага худалдаанд, мах, сүүний чиглэлийн Семинтал, Герефорд, Халимаг, Лимүзин, Казакын цагаан толгойт, Сэлэнгэ үүлдрийн үхэр, ноос, ноолуурын чиглэлийн Эрчмийн хар ямаа, Сүхбаатарын улаан хүзүүт, Суффолк хонь, Хэнтий аймгийн Галшарын гүү, Араб, Англи азарга, Тамвовски галуу, эдельбай, мангалийца тоорой зэрэг нийт 20 гаруй бод, 14 бог мал оролцлоо.



