УЕПГ: “Нүүрсний” гэх хэрэгт 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна


Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татжээ. 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж,шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэргүүдийг шүүх хянан хэлэлцээд, 88 этгээдийг гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Эдгээрээс 5 хүнд 2-5 жил 9 сар хорих ял оноосон бол 80 хүнийг 3-38 сая төгрөгөөр торгосон байна. 63 хүний нийтийн албанд ажиллах эрхийг 2-7 жил хасаж, гэмт хэрэг үйлдэж олсон 353 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, 14.9 тэрбум төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна. 

Эдгээр хэргийг мөрдөн шалгах явцад нийт 2.2 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, төрд учирсан 194.384 ам.доллар болон 23.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Шүүхэд шилжүүлсэн хэргээс 20 хүнд холбогдох хэрэг хянан хэлэлцэгдээгүй байна. Одоогоор дээрх ажлын хэсэг 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж УЕПГ мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *