Цэрэг цагдаагийнхнаа тэтгэвэрт нь гаргаад мартсаар байх уу?


Цэрэг цагдаагийн байгууллагынхан тусгай мэдлэг боловсрол эзэмшиж, улмаар төрд хоёргүй сэтгэлээр цаг наргүй дайчлагддаг хүнд алба гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх биз. Тэр ч утгаараа 25 жил ажиллаад 45 насандаа тэтгэвэртээ суудаг онцгой ажил мэргэжил. Хүчний байгууллагынхныг эрт тэтгэвэрт гардаг хэр нь  улсад татвар төлдөггүй, түүнчлэн цалингийнхаа 80 хувиар тэтгэвэр тогтоолгодог зэргээс болж шүүмжлэх байр суурь нийгэмд бишгүй гардаг. Гэвч цэргийн тэтгэвэр тогтоолгогчдын тэтгэвэр авах хугацаа төдийлөн урт байдаггүй.

Дунджаар 10-аадхан жил тэтгэврээ авч байгаад нас барах нь нийтлэг үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Шалтгаан нь цэрэг цагдаагийнхны ажлын нөхцөл тун хүнд, цаг наргүй байдгаас болоод хөдөлмөрлөх 20-30 жилийнхээ хугацаанд байнгын дарамтад байдаг төдийгүй эрүүл мэндийн талаар ч сайнгүй болж тэтгэвэртээ суудаг байна. 

Насаараа мөрдөстэй ажиллагсдын хувьд 24 цагаар утсаа унтраах эрхгүй, дуудсан цагт бэлэн байдалд, галын шугамд амь биеэ үл хайрлан зогсох үүрэгтэй. Олон жил энэ хэмнэлээр зүтгэсэн алба хаагчид тэтгэвэртээ суусныхаа дараа сэтгэл зүйн хямралд өртөх нь нийтлэг. 40-өөдхөн насандаа тэтгэвэрт сууж нийгмийн харилцаанаас хоцорч үлдсэнтэйгээ  эвлэрнэ гэдэг тэтгэвэртээ гарсан мөрдөстөнгүүдэд зайлшгүй нүүр тулах хүндхэн даваануудын нэг. Энэ нь мэдээж сэтгэл санааны хямрал үүсгэж улмаар эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх нь бишгүй. Харин зарим нь хар залуугаараа нийгэмд хэрэггүй болж орхигдсон мэт мэдрэмжээ дарахын тулд архины хамааралтай болж идэвхгүй амьдарсаар мөнх бусыг үзүүлэх нь ч элбэг.

Гэтэл цэрэг цагдаагийн тусгай мэргэжилтнийг бэлтгэхэд чамгүй хүч хөрөнгө, хугацаа зарцуулсан байдаг учраас тэтгэвэртээ суусан алба хаагчдаа гадаадын улс оронд бол орхиж үлдээлгүй нийгмийн харилцаанд идэвхтэй оруулж хөнгөвтөр бөгөөд ажил мэргэжлийнх нь онцлогт тохирох ажлын байраар хангасаар байдаг.

Энэ ажлыг бодлогоор төрөөс нь хэрэгжүүлдэг нь ч учиртай. Цэрэг цагдаагийн тусгай боловсролтой хүмүүс бол тодорхой түвшинд улсын болоод хувь хүмүүсийн нууцын мэдээлэлтэй танилцдаг. Түүнчлэн бие хамгаалах чадварт суралцсан, олон төрлийн гэмт хэрэгтэй танилцаж байсан, гэмт хэрэгтнүүдтэй ойр ажилладаг байсан гээд олон төрлийн онцлогтой гэдгийг мартаж болохгүй. Тусгай боловсрол эзэмшсэн цэрэг цагдаагийнхны эрдэм мэдлэг ур чадварыг буруу зүйлсэд ашиглах тохиолдол гарахыг үгүйсгэх аргагүй. Хэрэв тэдний төр түмний төлөө зориулж байсан үүрэг хариуцлага тэтгэвэртээ суусных нь маргааш төр түмний эсрэг зориулагдвал яах вэ гэдэг зайлшгүй анхаарах шаардлагатай асуудал билээ.

Хүнээ бодсон ч эрсдэлээ тооцсон ч цэрэг цагдаагийнхнаа бид тэтгэвэрт нь суулгаад мартаж орхилгүй нийгмийн харилцаанд оруулж байхад бодлогоор анхаарах шаардлагатайг салбарын хуульч эрдэмтэд сануулсаар 10 гаруй жилийн хугацаа өнгөрч байна.

Гэвч энэ хугацаанд цэрэг цагдаагийнхны тэтгэврийн мөнгийг болих солих тухай асуудал яригдсанаас тэдний нийгмийн баталгааны сэдэв орхигдсоор ирсэн нь бодит үнэн. Насаараа тушаал авч зүтгэсэн цэрэг цагдаагийнхнаа бид бодлогоор хамгаалж нийгмийн харилцаанд авч үлдвэл ажиллах хүчгүйн асуудал ч тодорхой түвшинд шийдэгдэх бололцоотой гэдгийг бид мартаж болохгүй.  


8 responses to “Цэрэг цагдаагийнхнаа тэтгэвэрт нь гаргаад мартсаар байх уу?”

  1. Ер нь бол цэрэг цагдаагаас тэтгэвэрт гарсан хүнийг ажлын байраар хангах нь маш чухал байна шүү 45 нас хүрсэн гэхээр хувийн хэвшлийн байгууллагууд ердөөсөө ажилд авдаггүй уг нь 45 гэдэг чинь хөгшин хүн биш үү дээ. Ер нь бол 45 наснаас дээш гараад ирэхлээр хүний тооноос хасагдаж эхлэж байгаа юм даа.

  2. Тэтгэвэрт гараад тэтгэвэрээ битгий хэл 1 удаагийн 36 сарын тэтгэмжээ авч чадалгүй бурхан болсон доо миний муу аав …….

  3. цэргийнхний хувьд ажиллаж байхдаа хашаа байшин орон сууцны ипотекийн зээлэнд хамрагдаж чадсан бол дээдийн заяа л болж байна даа заримдаа ч хэний төлөө гэж 25 жилээ зориулсан ум гэж боддог доо

  4. Ажил, амралтаа төлөвлөнө гэж байхгүй гэнэтийн дуудлага бүрт өдөр шөнө 24 цагт бэлэн байж, утсаа унтраагаад ч амрах эрхгүй алба хаагчдын онцлогийг улс төрийн болон зарим албан хаагчдаас ялгаж салгаж ойлгодог болоод байгаа ч тэдний эрүүл мэнд авах юмгүй болсон байдагт анхаарах шаардлагатай.

  5. Цэргийн хүн ар гэрээ мартаад олон жил алба хаахад ар тун чухал шүү нэг газар суурь шаад овоо төвхнөх болоод байж байтал дараагийн анги салбарт томилж явуулна үр хүүхэд сургуулиас сургууль шилжин эхнэрт тогтсон ажил байхгүй. За хугацаат цэрэгтэй ажилах бол дуус дуус гэрийн бараа харахгүй шүү 365 хоногийг 170 хоногт гэрийн бараа харах байх. Картин хээрийн гаралт харуул хоногийн манаа. Тэтгэвэрт гарна ажил хийнэ ХАОАТ гээд 10% аваад олигтой цалин авагүй тэтгэвэр өвлөгдөхгүй уулнаас тэтгэвэр ядаж тэтгэврийн өвлүүлэх хэрэгтэй

  6. Би цагдаагийн байгууллагад 27 жил нэмэгдэлтэйгээ 34 жил хоёргүй сэтгэлээр алба хаасан. Ёстой л утасгүй байхдаа 12 км явганаар эргүүл хийж, сар хээр хонодог шөнөөр малын хулгайчийн хөөцөлдөж, утас хэрэглэж эхэлсэн үеээс л 24 цагаар утасны бэлэн байдалд байж өглөө 05 цагт шөнө 00 цагт амарсан боссоор байж тэтгэвэрт суусан.
    Энгийн амьдралд ороод засахгүй байж байгаад одоо л хэвийн амьдралд шилжиж байна даа.
    Сайхан түүхтэй байгууллагад ажиллаж амьдарсан.
    Уг нь ахмадуудаа мартах л ёсгүй юм байгаам жаахан тийм зүйл ажиглагдаад л байна

  7. Цэрэг цагдаагаас тэтгэвэрт гарсан боловсон хүчинг зөв ашиглаж зохицуулж чадвал ч их юм хийж бүтээх хүмүүс их байгаа даа!!! Прокурорын байгууллага гэхэд тэтгэвэрт гарсан хүнээрээ төрийн үйлчилгээний нэг цэгийн цонхон дээрээ ээлжлүүлж, суулгаж, цалинжуулж хүмүүст зөвөлгөө өгүүлж байх жишээтэй !!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *