“Анна Каренина” дахин тайзнаа


УДЭТ Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн “Анна Каренина” жүжгийг 2020 онд анх Монголын үзэгчдэд толилуулж байв. 2 бүлэг, 23 үзэгдэлт уг жүжгийг УДЭТ шинэ бүрэлдэхүүнтэйгээр энэ оны 5 дугаар сард дахин тоглосон билээ. Үүнийгээ 10 дугаар сарын 10-наас дахин тоглохоор тус театр бэлтгэж байна.

Анна Каренинад О.Хонгорзул, Анна /Хувьзаяа/-д Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Алексей Вронскийд Т.Сэргэлэн, Алексей Каренинд И.Дашнамжил, Долли Облонскаяд О.Долгор, Кити Щербацкаяд Ц.Цэлмэг, А.Номин-Эрдэнэ, Степан Облонскийд Гавьяат жүжигчин О.Гэрэлсүх, Варя Вронскаяд Гавьяат жүжигчин Ц.Баясгалан, Бетси Тверскаяд М.Тогтохжаргал, Константин Левинд Б.Шинэбаяр, Щербацкий ванд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Щербацкая хатагтайд Ардын жүжигчин Ж.Оюундарь нар тоглоно.

Соёлт хүний заавал унших ёстой сонгодог бүтээлийн нэг бол “Анна Каренина” роман. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл, гэр бүл, хосын харилцаа, амьдралын тухай өгүүлэх эл романыг зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичсэн юм. Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар уг жүжгийг найруулж, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг тайзны зураачаар ажиллаж, хөгжмийг нь зохиолч Ш.Өлзийбаяр бичжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *