Д.Амарбаясгаланг огцруулах бичигт 40 гишүүн гарын үсэг зурсан уу?


МАН-ын эрх мэдлийн төлөөх зодооноор УИХ тарах уу эсвэл Засгийн газраа солих уу гэдэг асуудал үүсгээд байна. Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан бичигт АН-ын бүлгийн 7 гишүүн гарын үсэг зурсан тухай мэдээлэл дуулдаж байгаа ч одоогоор яг хэн хэн гарын үсгээ зурсан тухай мэдээлэл ил болоогүй байна. Гэхдээ албан бус мэдээллээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-аас Х.Баттулга, Ц.Туваан, Л.Гантөмөр, Ө.Шижир, Л.Мөнхбаясгалан нарын 7 хүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм.

Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу парламентын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргавал асуудлыг чуулганаар хэлэлцэх учиртай. Хэрэв УИХ-ын гишүүдийн олонх нь буюу 65 гишүүн дэмжсэн тохиолдолд Засгийн газрыг огцруулдаг. Ингэхээр 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдэж байгаа юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн мэдээлж байгаа 40 гаруй гишүүн гарын үсгээ зурсан бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх нөхцөл аль хэдийнэ бүрдсэн болж таарч байна.

Харин нөгөө талд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх бичгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн санаачилгаар гарын үсэг зуруулж байгаа тухай мэдээлэл мөн яригдаж байна. Энэ бичигт ч бас 40 орчим гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм. Гэхдээ УИХ-ын даргыг огцруулах асуудал босго өндөр буюу 64 гишүүн гарын үсэг зурж байж өргөн барих нөхцөл бүрдэнэ.

Д.Амарбаясгаланг огцруулах бичигт Засгийн газрын гишүүд болон Б.Энхбаярыг МАН-аас хөөснийг эсэргүүцсэн 7 гишүүн нэмэгдэнэ. Түүнчлэн АН-ын гишүүд гарын үсгээ зурсан тухай яриа гарч байна. Хэрэв энэхүү асуудлыг хэлэлцэхэд хүрвэл УИХ-ын тухай хуулиар асуудлыг шийдэх учиртай.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *