Ноёныхоо өмнөөс ноцолдох бөхчүүд


Д.Амарбаясгаланг өөрийг нь сөрөн босож ирмэгц Г.Занданшатар өмнөөс нь Б.Энхбаярыг тавьж, “Нүүрсний хэрэг 1”-ийг сануулан, “Нүүрсний хэрэг 2”-ыг гаргаж ирсэн. Үүнд нь хариу барихаар Д.Амарбаясгалан өнгөрсөн амралтын өдрүүдээр  П.Сайнзоригийг босголоо.

Энэ бол Г.Занданшатар, Д.Амарбаясгалан гэдэг хоёр хүний тэмцэл биш, МАН доторх 2 бүлгийн талцал гэдэг нь өдрөөс өдөрт улам тодорхой болсоор байна. Ноёны нэр дээрээс барилддаг бөхчүүд шиг УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өмнөөс энэ тэмцэлд татагдан орж, талцан зодолдох гишүүд УИХ дотор улам олшрох дог. Энэ удаад П.Сайнзориг харин Г.Дамдиннямыг ирүүлд дуудав.

Засгийн газар 2025.08.20-нд 55 дугаар тогтоол гаргаж, 2019.12.25-ны “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3.11-т нэмэлт оруулж, АМНАТ-ыг Уул уурхайн биржийн үнээр тооцохоор болсон. Үүнийг П.Сайнзориг гишүүн “Улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” хэмээн тайлбарласан бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үгүйсгэж, “Би нуухгүй. Биржийн арилжааг болиулвал нууц гэрээнүүд зурагдана. Бирж бол бодит үнийг тодорхойлсон. Энэ шийдвэр гарснаас хойш 40 хоногийн хугацаанд 5.1 сая тонн нүүрс биржээр борлуулж, 2.3 их наяд төгрөгийн орлого олж, 80.1 тэрбумын нэмэлт орлого олсон. 200 тэрбумын алдагдал гэдгийг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй” гэж тайлбарлалаа.

Ноёны нэр дээрээс барилддаг бөхчүүд шиг УИХ-ын дарга, Ерөнхий сайдын өмнөөс энэ тэмцэлд татагдан орж, талцан зодолдох гишүүд УИХ дотор улам олшрох дог

Энэ хоёрын мэдээлэл, тайлбар болон тэрхүү 55-р тогтоолыг харвал МАН доторх эл тэмцэл бол “Монгол ардын нам” гэх ТББ-ын тамга булаацалдсан явдал биш, цаагуураа яах аргагүй их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудал гэдэг нь ойлгогдоно. Нэг тал нь нүүрсийг биржээр зарахгүй, үнэ, хэмжээг нь нууц байлгахыг хүсэж байгаа бол нөгөө тал нь нүүрсийг биржээр арилжиж, үнэ, хэмжээг нь тодорхой байлгахыг эрмэлзэж байх шиг.

Өөрийг нь өдсөн П.Сайнзоригоос “П.Сайнзориг өөрөө ХЗДХЯ-нд 2013 оноос уул уурхайн салбар хариуцсан мэргэжилтэн, Хууль зүйн бодлогын газрын дарга, төрийн нарийн бичгийн даргаар 9 жил орчим ажилласан. Засгийн газрын 10 тогтоолын 5-д нь оролцсон. Энэ 5 тогтоолоор татвараас зугтаалгах шийдвэрүүд гарсан байдаг. Тэр үед яагаад Засгийн газрыг огцруулах талаар яриагүй юм бэ?” хэмээн Г.Дамдинням асууж, шударга байхыг санууллаа.

Ноёныхоо нэр дээрээс барилдах ээлжээ өнгөрүүлэх гэж П.Сайнзориг хамаг мэхээ барж, Засгийн газрын сайд нар луу өдөржин ээлжээр ноцов. Өглөөхөн Г.Дамдинням руу халдсан бол өдөр Сангийн сайд руу довтолж, “Монгол Улсын гадаад валютын нөөцөд арилжааны банкуудад байгаа мөнгөн дүнг оруулж зарласан. Олон улсын байгууллагууд Монгол Улсыг дефолт зарлах хэрэгтэй гэж зарлаад байхад, худал мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж байна” хэмээв.

Үүнд Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн сан хоосроогүй. Төлбөрийн чадваргүй болсон гэж П.Сайнзориг хэлсэн нь худлаа. П.Сайнзоригийг би Засгийн газрын үйл ажиллагааг ойлгохгүй байна гэж бодохгүй байна. Улс төрийн зорилготой л ийм юм ярьсан байх” гэж тайлбарлав.

Улсын цолтой бөхтэй Улсын наадмаар 1-ийн даваанд таарсан цолгүй залуу бөх л иймэрхүү арга ядсан юм хийх нь бий

П.Сайнзоригийн хэлсэн үг үндэслэл муутай, хийсэн мэх нь даацгүй, ямар ч барьцгүй атлаа хий л самардан зүтгэх бөх мэт. Улсын цолтой бөхтэй Улсын наадмаар 1-ийн даваанд таарсан цолгүй залуу бөх л иймэрхүү арга ядсан юм хийх нь бий. Олонх нь ганц нэг сарвалзаад тэрий хаддаг даа.

Түүний эсрэг нөгөө талаас гаргаж тавьсан баримт харин анхаарал татав. Засгийн газрыг огцруулах бичиг санаачлан гарын үсэг цуглуулж яваа П.Сайнзориг 170 тэрбум төгрөгийн тендерийн хулгайтай холбоотой гэнэ үү? Түүнийг ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байхад нь Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой” компанийн БЭТ-ээр томилсон. Энэ тухай тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан 2022.12.09-нд “Бидний нэрлэж заншсанаар жижиг “Тавантолгой” буюу “Тавантолгой” ХК-д 6 сарын хугацаатай ажиллах бүрэн эрхэт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томиллоо” гэж мэдэгдэж байлаа.

Ноёноо өмөөрөх гээд но-гоо дэлгүүлж байгаа түүний дараа хэн гарч ирэх бол?  


One response to “Ноёныхоо өмнөөс ноцолдох бөхчүүд”

  1. Энхбаяр зөв хуульч. Харин сайнзориг гэгч хулгайчын бүлэглэлийн гар хөл төдий нянбактерийн өт хорхойн . авгалдай. Тэр бол хуульч биш хулгайч .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *