Ухаалаг утаа мэдрэгчээс дор ухаан муутай гэр хорооллынхон


Утсан чинээ улаан амиа хамгаалахгүй хүнийг өнөөдрөөс хууль шийтгэхгүй юм аа гэхэд хувь заяа нь шийтгэж мэдэхээр байна. Хатуу сонсогдож байна уу? Улаанбаатарт амьдарч байгаа 200 мянга орчим гал түлэгчдэд хэлэх хатуухан сануулга энэ болог. Утаа мэдрэгчээ ажиллуулахгүй бол утсан чинээ улаан амийг чинь хэн хамгаалах юм бэ гэдгийг утаа гаргагчдад дахин дахин хэлбэл нэгийг бодож, хоёрыг тунгаах байгаа.

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахтай зэрэгцэн өнөө оройноос шөнөдөө -7 градус хүрч хүйтрэх төлөвтэйг цаг-уурчид сануулж эхэллээ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хөрсөн дээрээ цочир хүйтэрч, цас орно.

Хүйтэрнэ, цас орно гэдэг үг утаа ихэснэ, угаарын хийд хордоно гэдэгтэй хоршоо үг боллоо

Угтаа бол цаг агаар хүйтрэх, цас орох мэдээнд улаанбаатарынхан баясахаа болиод удаж байна. Бүр эсрэгээрээ хүйтэрнэ, цас орно гэдэг үг утаа ихэснэ, угаарын хийд хордоно гэдэгтэй хоршоо үг болтлоо хэрэглэгдэж байна.

Орон сууцныхан хоолой хорсгох гашуун утааг үзэн ядаж, жил бүр өсөх төсвийн задаргааг хэлэлцэж, энэ жил бүр 10 тэрбум хол давсныг тооцох зуур гэр хорооллынхон угаарын хийд хордож, харамсалтайгаар хорвоог орхисон мэдээ ар араасаа хөвөрч, олныг цочрдуулдаг боллоо.

Сүүлийн 7 жилийн дотор 779 хүн угаарын хийн хордлогоор амиа алдсан байна. Намрын улирал дөнгөж эхэлж, хасах градуст хүрээгүй байхад Улаанбаатарт хэд хэдэн иргэн угаарын хийд хордож, эрдэнэт амиа алдлаа. Харамсалтай нь утаа мэдрэгчээ ажиллуулаагүйгээс анхны тусламж авч чадаагүй юм билээ. Ихэнхдээ нүүрс түлсний дараа яндангаа авч, өрхөө битүүлснээс болсон гэсэн.  

2025 онд угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжийг 172.000 айлд суурилуулж өгчээ. Ухаалаг мэдрэгчийн нэг бүрийн үнэ 150 мянган төгрөг. Нийт 7.6 тэрбум төгрөг зарцуулсан байна

Энэ бүх тохиолдлын дийлэнх нь угаарын хий мэдрэгчээ салгасантай ямар нэгэн байдлаар холбогддог. Аль 2020 оноос 200 мянга орчим айлд угаарын хий мэдрэгч тарааж эхэлсэн байдаг. 2025 оноос угаарын хий мэдрэгчийг ухаалаг системд суурилуулан сайжруулж, Улаанбаатарын удирдлагын нэгдсэн төв хянадаг болсон юм билээ.

2025 онд угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжийг 172.000 айлд суурилуулж өгчээ. Ухаалаг мэдрэгчийн нэг бүрийн үнэ 150 мянган төгрөг. Энэ бүгдэд 7.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.  

Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны 52.389 айлд хийн халаагуур тавьж, мөн л хий мэдрэгч ухаалаг төхөөрөмж өгснөө нийслэлийн нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин ам ангайх тоолондоо “тунхаглаж” яваа.

Гэр хороололд амьдарч байгаа Цэцэгээ, Дорж нарт таны, миний татварын мөнгөөр ухаалаг, угаар мэдрэгч үнэгүй суурилуулж өгсөн гэсэн үг. Угаарын хийгүй Улаанбаатарын төлөө зарцуулсан хөрөнгийг зөвхөн угаар мэдрэгчид хэдийг өгснөөр нь үргэлжлүүлье.

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн оны аравдугаар сард тендер зарлаж, 1.3 тэрбум төгрөгөөр 8666 ширхэг төхөөрөмж худалдан авсан.
  • 2022 онд 2.2 орчим тэрбум төгрөгөөр Налайхын 7626, зургаан аймгийн 6600 гаруй айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараасан.
  • 2021 онд нийслэлийн гэр хорооллын айлуудад угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажлыг 2.9 тэрбум орчим төгрөгөөр гүйцэтгэсэн.

Угаарын хий мэдрэгчийн ажиллах зарчим маш ухаалаг. Орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан хяналтын нэгдсэн систем юм билээ. Энгийнээр хэлэхэд угаарын хий мэдрэгчээ салгасан Дорж, Цэцэгээ нарын мэдээлэл уг хяналтын төвд шууд очно. Өөрөөр хэлбэл, хяналтын самбарт тэднийхийг төлөөлөх гэрэл угаар мэдрэгчээ унтраамагц давхар унтарна. Таны гэрэл унтармагц 10 минут хүрэхгүй хугацаанд байцаагч очиж, таныг аварна. Ийм ажил хийх 400 орчим байцаагчийг дүүрэг, хороо бүрт бэлдэж, ажилд оруулсан талаараа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо мэдээлсэн байна.  

Харин эндээс гэр хорооллын бүх айлд хүрч угаар мэдрэгчээ тавьж чадсан уу гэсэн асуулт урган гарна. Орлогч А.Амартүвшин Хятад улсаас импортлох хагас коксон түлшийг гэр хороололд байрлах нүүрс борлуулах цэгт тараах тухай мэдээлэл хийх үеэрээ “Бүх айл хамрагдсан” гэж мэдэгдсэн.

Өнөөдөр хүмүүсийн ухаалаг утасны хэрэглээ өргөн дэлгэр болсон. Нялх балчраас наян настай хөгшид хүртэл ухаалаг утастай болсон. Угаарын хий мэдрэгчээ хэрхэн ажиллуулах, хэрэв ийм төхөөрөмж тавьж өгөөгүй бол хаана хандах, галлахдаа яндангаа хөөлж, хаалт, сойлт хэрэглэхгүй, угаарын хий мэдрэгчээ тогтмол ажиллуулж, гэр байшиндаа агаар оруулж байх, пийшин зуухаа хэрхэн сайжруулах, бүр шинээр үнэгүй авах талаар бүх мэдээлэл сошиалд бий. Тодорхой зааж өгч. Цаашлаад галаа яаж асаах, хэдэн модоор түлэх, цаашид хэрхэн сэргээж түлэх тухай ч бичлэг байна.

Ийм байхад л би мэдээгүй, манайд орж ирж гал түлж өгөөгүй, төр засаг буруутай хэмээн матрын нулимс унаган суух иргэд ямар элбэг гээч. Угаарын хий мэдрэгчийн гэрэл унтарсан айлд очвол утсаа цэнэглэж байхаа ч ядахгүй улс. Ерөөс утсан чинээ улаан амиа хүнийх мэт хандаж, ухаалаг угаар мэдрэгчээс дор ухамсартай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *