Эмийн үнэ, эмийн сангийн байршлыг саитаар харж болдог боллоо


Эм, эмийн үнийн мэдээллийн сан ашиглалтад орлоо. Иргэд em.hdc.gov.mn саитад нэвтэрч ороод, худалдан авах гэж буй эмийнхээ үнэ, очих эмийн сангийн байршлыг шууд харж болно.

Энэ системд өнөөдрийн байдлаар эмийн 2605 сангийн байршил, Монгол Улсад бүртгэлтэй нийт эмийн жагсаалтыг оруулжээ. Худалдаанд идэвхтэй ашиглаж байгаа 2565 эмийн үнийг эндээс ил харж болно. 

Уг эмийг хэрэглэх заавар, хориглох заалт, орц найрлага, тун хэмжээ, үйлдвэрлэгч улс, гарал үүслийн мэдээллийг монгол хэлээр энл оруулжээа. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг ямар ижил төстэй эмээр орлуулан хэрэглэж болох сонголтыг ч оруулсан байна. 

Систем дээр харагдаж буй эмийн үнэ бол тухайн эмийн сангаас зарсан “И-баримт”-ын системд бүртгэгдсэн хамгийн сүүлийн бодит үнэ юм. Ийн эмийн сангууд тухайн эмийг хэдэн төгрөгөөр борлуулж буйг ил болгосноор эмийн үнийн зохиомол хөөргөдлийг арилгаж, эмээс үүдэлтэй иргэнд очих эдийн засгийн дарамтыг бууруулна.  

Цаашид уг системийг улам нарийн хөгжүүлж, эмийн сангуудын эмийн нөөц, үлдэгдэл, гаалийн үнэ, эм ханган нийлүүлэх байгууллагын үнэ зэрэг мэдээллийг иргэнд ил тод болгох юм байна. 

Уг системийг Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгал, Сангийн яамны харьяа Санхүүгийн мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, 2600 гаруй эмийн сан, 10 эмийн сангийн пос-ын систем хөгжүүлэгч, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор 1 сарын хугацаанд хөгжүүлэн, өнөөдрөөс хэрэглээнд нэвтрүүллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *