Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны ханган нийлүүлэлт, нөөцийн талаарх мэдээллийг сонслоо. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар шатахуун импортлогч компаниуд санаатайгаар зохиомол хомсдол үүсгэж буй гэх асуудлыг мухарлаж, гэм буруутай нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг үүрэг болгожээ. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сэтгүүлчдэд мэдээллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:
-Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шатахуун тасалдсан гэх мэдээлэл цацагдаж байна. Тийм учраас Засгийн газар энэ асуудлыг мухарлаж, хуулийн байгууллагатай хамтран ажиллахаар шийдвэрлэлээ. АҮЭБЯ, АМГТГ хамтран ажлын хэсэг байгуулан, шалгаж байна.
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж8 бүрдүүлэх ажлыг 2026 оны 1 дүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг ЗГ-аас холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, нөөц бүрдүүлэлтэд нь хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байна.
ОХУ-аас ямар ч нөхцөлд Монгол Улсыг шатахуунаар таслахгүй гэдгээ мэдэгдэж, гэрээний дагуу газрын тосны бүтээгдэхүүнээ хэвийн нийлүүлж байна. Манай гол нийлүүлэгч Ангарскийн үйлдвэрийн засвар долоо хоногийн дараа дуусна. Баруун аймгуудын шатахууныг Улаанбаатар хотоос хангаж байна.
Монгол Улсын 1 сар хэрэглэх шатахуун нөөцлөх сав барихад 500 тэрбум төгрөг болж байна. Төрөөс энэ нөөцөө бүрдүүлэх бэлтгэлээ хангаж байна. БНХАУ-аас одоо ч шатахуун нийлүүлж байгаа. Дамжуулан ачиж, буулгах төвүүдийг нэмж байгуулахын тулд хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Засгийн газар зохицуулалт хийгээд, шатахууны нөөцлөх арга хэмжээ авч байна.