Леброн Жеймс олон сая шүтэн бишрэгчийнхээ сэтгэлээр тоглож, молиго үмхүүллээ


NBA-ын бүх цаг үед авсан оноогоороо тэргүүлэгч Леброн Жеймс энэ улиралд 23 дахь жилдээ NBA-д тоглох гэж байгаа билээ. Аль хэдийнэ NBA-н хамгийн хөгшин тоглогч болсон түүнийг хэзээ зодог тайлах бол гэдэг асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж буй нь тодорхой.

Тэгвэл өчигдөр буюу мягмар гарагт Леброн Жеймс X платформ дээр нэгэн бичлэг оруулж, тайлбар дээр нь “Бүх шийдвэрийн хамгийн гол шийдвэр. 10-р сарын 7-ны 12:00 цагт” гэж бичиж, “#ХоёрдугаарШийдвэр” гэх хэштагтай нийтэлжээ. Хүн бүр уг мэдээллийг хараад түүнийг энэ улирлыг дуусгаад, зодог тайлах шийдвэрээ зарлах гэж байна гэж бодож байлаа.

Түүхийг сөхөж үзвээс, тэртээх 2010 онд Леброн Жеймс “Шийдвэр” гэдэг нэртэй нэвтрүүлэг цацаж, 7 жил тоглосон “Кливленд Кавальерс” багаасаа явж, “Майами хит” багт тоглох болсноо зарлаж байв. Түүнийг “Майами хит” багт очсоны дараа NBA-н түүхийн хуудас яаж эргэснийг сагсанбөмбөг сонирхогч хүн бүр мэднэ.

Одоогоос 10 жилийн өмнө 2016 онд “Лэйкерс”-ийн домогт тоглогч Коби Брайант зодог тайлахдаа NBA-н улирлын сүүлийн тоглолтод “Юта Жазз” багийн эсрэг тоглож, карьераа өндөрлүүлсэн. Тэгвэл “Лэйкерс”-ийн ирэх улирлын хамгийн сүүлийн тоглолт ч бас “Юта Жазз” багийн эсрэг болж таарлаа. Хэрэв Леброн Жеймс энэ улирлыг дуусаад зодог тайлвал Коби Брайанттай яг адилхан байдлаар замналаа дуусгана.

Леброн Жеймсийн уг жиргээний дараа “Лэйкерс”-ийн ирэх улирлын хамгийн сүүлийн тоглолт болох “Юта Жазз” багийн эсрэг тоглолтын тасалбар огцом өгч, хамгийн хямд тасалбарын үнэ нь 510$ хүрэв. Шүтэн бишрэгчид нь түүнийг зодог тайлах шийдвэрээ зарлах гэж байна гэдэгт бүрэн итгэсэн байлаа.

HENNESSY AND LEBRON JAMES LAUNCH A NEW COLLECTOR’S V.S.O.P LIMITED EDITION (PRNewsfoto/Hennessy)

Гэтэл Леброны уг шийдвэр нь зодог тайлах тухай биш, харин “Hennessy” брэндийн вискиний зар сурталчилгааны бичлэг болж таарав. Леброн олон сая шүтэн бишрэгчийнхээ зүрх сэтгэлээр ийн тоглож, молиго үмхүүллээ.

NBA-н тайлбарлагч, аналист Б.Ялалт энэ талаар цахим хуудсандаа “Леброний үүсгэсэн хүлээлт сурталчилгаа байв. Мэдээж сүпер сурталчилгаа болсон. Гэхдээ тэр замналаа идэж эхлэх хэмжээний тамирчин биш юм сан. Энэ сурталчилгааныхаа төлөө хангалттай ихийг авсан байх.

Гэхдээ Леброны зодог тайлах мэдээг дараа нь яаж хүлээж авах вэ? Дахиад сурталчилгаа гэж бодох уу? Лав л нэвтрүүлэг хийхгүй юм шиг байна. Хийсэн ч энэ удаагийнх шиг хандалт авахгүй байх. Нэг үгээр тэр өөрийнхөө зодог тайлах легасиг энэ удаад худалдлаа.

Маргаангүй сүпер менежмент. Мөнгө олох арга. Гэхдээ зарж болдоггүй зүйл гэж байдаг даа. Хайран л санагдлаа.

Майкл Жордан, Коби Брайнт зодог тайлах тухай шийдвэрээ реклам болгох байсан болов уу? Стеф зодог тайлах шийдвэрээ “Under Armour”-т зарах болов уу?” хэмээн бичжээ.

Ямартай ч энэ улирал Леброн Жеймсийн сүүлийн улирал байхгүй бололтой. Тэр дахин хэдэн жил тоглох бол?

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *