МАН доторх үе хоорондын тэмцэл савнаасаа хальж, эргээ давав. Монгол ардын нам гэх ТББ-ын тамганы төлөөх тэмцэл одоо төрийн хямрал болох шинжтэй. Тамга булаацалдсан зодоон нь хэрэг илрүүлэх ажиллагаа болж өргөжсөнөө одоо хэн нь хэнийгээ түрүүлж огцруулах вэ гэдэг уралдаан боллоо. Уруул давуулж байгаа үг, амнаасаа гаргаж байгаа хийгээ ч анзаарч, хянаж байгаа юм алга. Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй, хүлээлгэдэг ч үгүй явж ирснээс болоод, УИХ, Засгийн газрын гишүүд хөл, толгойгоо сольж байна.
Төрийн ордон эзгүйрч, тус намын гишүүд гадуур сэм хуйвалдаж явна. Хэнийг нь дэмжвэл сайдын суудал санал болгох бол, алийг нь дэмжвэл алсдаа хэрэг болох бол гэлцэж байна. Сайд болохгүй юм гэхэд сарвайх мөнгийг нь авчих санаатай сүлжилдэнэ. Төрийн ордонд орж ажлаа хийхийн оронд намынхаа цагаан байранд хэд гурваараа нийлэн, чимээ чагнаж, утас дуугарахыг хүлээж сууна.
Ерөнхий сайдыг унагах гарын үсгийн ханш хүртэл гарчээ. АН-ын гишүүдэд арай хямд, МАН-ын гишүүдэд хамаагүй ахиу мөнгө өгч буй гэнэ. Сонгогчийн саналыг 20.000 төгрөгөөр худалдан авч сурсан нөхөд Төрийн ордонд орж ирээд, өөрийн саналаа үнэ хүргэж байгаа юм байх. 76 гишүүний тоог нэмж, 126 болгоод ч сурсан юмыг нь сураар боож чадсангүй. Хахуулийн вирүс хаана ч хэнийг ч ялгалгүй халддаг хүчтэй аж.
Эрх мэдэлд хүргэж, албан тушаалд авчирсан эздийнхээ ачийг хариулахаар зарим нь гарын үсэг цуглуулж, гайхалтай чанга дуугарч явна. Ийм л өдрийн төлөө тийм хүмүүсийг тэжээдэг биз дээ. Ач хариулах гэхээсээ илүү өөрөө хамт уначих гээд байгаа учраас аргагүйн эрхэнд амь тэмцэж яваа ч байж мэднэ, тэд.
Төгсгөлийг нь нарийн тооцсон учраас Ерөнхийлөгч тоохгүй байна уу, тооцож чадаагүй асуудал үүссэн учраас толгой нь өвдчихөв үү?
УИХ-ын ажил 2 долоо хоног дамнан гацаж байна. Гишүүд үндсэн ажлаа хойш тавиад, зодооны оролцогч, дэмжигч, үзэгч болж явна. 10-р сарын 3-нд УИХ-ын чуулганаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хуралдаагүй. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо уг төслийг хэлэлцэхийг хойшлуулчихсан байв. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Чуулган нь байнгын хороо, дэд хороо, түр хороо, нам, эвслийн бүлгийн хурлаас бүрддэг. Тэдгээр нь хуралдаж байна гэдэг нь чуулган хуралдаж байна гэсэн үг” гэж тайлбарласан.
Тэгвэл энэ сарын 6-ны даваа гарагт МАН-ын бүлэг хуралдаагүй. Тус намын гишүүд ордонд үзэгдээгүй. Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдах байсан ч МАН-ын гишүүд орж ирсэнгүй. 80 гаруй төрийн албан хаагч уг хороонд мэдээлэл өгөхөөр ирсэн ч АН, ХҮН-ын хэдэн гишүүнээс өөр хүн байгаагүй тул ирц хүрсэнгүй. Гэтэл МАН-ын 22 гишүүн яг тэр үеэр сэтгүүлчдэд хэвлэлийн хурал хийгээд, тарлаа.
Нарийндаа бол Засгийн газрын тэргүүнийг УИХ томилдог. Энэ бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайдыг огцруулж, томилж, чөлөөлдөг. Ийм явдал манай түүхэнд зөндөө гарч байв. Харин Засгийн газар нь УИХ-ын даргынхаа өөдөөс гарын үсэг цуглуулан боссон түүх анх удаа болж байна. Үүгээрээ энэ улстөржилт содон.
МАН-ын энэ талцсан тэмцлээс болоод хууль тогтоох байгууллагын ажил гацаж, түүнээс улбаалан, засгийн ажил ч жонхуурч байна. Монгол Улс 2026 онд хаанаас хэдэн төгрөг олж, юунд зарцуулахаа хэлэлцэж байх ёстой цаг үед төр, засаг сандал ширээний зодоондоо улайрчихсан явна. МАН-ын үе хоорондын тэмцэл хяналтаас гарч, төрийн зовлон боллоо.
Энэ бүхэн хэнээс, юунаас эхлэлтэйг хамгийн сайн мэдэж байгаа Ерөнхийлөгч юу ч болоогүй мэт суугаа нь юуных юм бол? Төгсгөлийг нь нарийн тооцсон учраас тоохгүй байна уу, тооцож чадаагүй асуудал үүссэн учраас толгой нь өвдчихөв үү?