О.Номинчимэг: 2026 оны төсөвт засгийн газар хүүхдийн мөнгийг суулгаж оруулж ирсэн


-УИХ-ын байнгын хороодод өрнөж байгаа төсвийн хэлэлцүүлгээр хүүхдийн мөнгийг хасъя гэдэг асуудал нэр бүхий УИХ-ын гишүүнээс гарсан. Таны хувь гишүүний байр суурь ямар байна вэ?

-Хүүхдийн мөнгө олгох асуудлыг би хувь гишүүний зүгээс дэмждэг. Хүүхдийн мөнгийг олон улсад ч халамж гэж үздэггүй. Ялангуяа Монгол улсын өнөөгийн нөхцөл байдалд зайлшгүй байх шаардлагатай хөтөлбөрүүдийн нэг. Эдийн засаг хүнд байх үед хүүхдийн мөнгө олгох хөтөлбөр хамгийн үр дүнтэй хөтөлбөр гэдгийг цар тахлын жилүүдэд ч олон улсын байгууллагууд дүгнэсэн байдаг. Нийгмийн хөгжилд анхаарч байгаа засгийн газрын байх ёстой бодлогуудын нэг бол хүүхдийн мөнгө гэж хардаг. 2026 оны төсвийн төсөлд хүүхдийн мөнгийг хасах эсвэл багасгах тухай санал Засгийн газраас огт орж ирээгүй. Засгийн газар хүүхдийн мөнгө олгох хөтөлбөрөө үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. УИХ ч энэ хөтөлбөрийг дэмжинэ гэдэг итгэлтэй байна. Олонх гишүүд хүүхдийн мөнгийг байх ёстой хөтөлбөр гэж хардаг. Хүүхдийн мөнгөөр амь амжиргаагаа залгуулдаг хэсэг нийгэмд бий. зарим нь хуримтлалд оруулдаг хэсэг ч бий. Аль аль нь олон улсад байдаг жишиг шүү дээ.

-Улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байна. Парламентын гишүүдийн дунд 2 талд гарын үсэг цуглуулж байгаа. Та аль санаачлагад гарын үсгээ зурсан бэ?

-Би П.Сайнзориг гишүүний Засгийн газрыг огцруулах тухай албан бланканд гарын үсгээ зурсан. Миний хувьд улс төрийн шийдвэрээ гаргасан. Хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгодоо ашиглах явдал гаарч байна. Ялангуяа нүүрсний гэх хэрэгт хууль зүйн салбарыг илд бамбайгаа болгож байгаад хуульч хүний зүгээс их харамссан. Энэ салбар цэвэр байж л Монгол улсад бид чөлөөтэй үгээ хэлэх нөхцөл бүрдэнэ. Ийм шалтгаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж гарын үсгээ зурсан.

-УИХ-ын үйл ажиллагаа доголдож байна. Таны боловсруулсан Тамхины хяналтын тухай хууль хүртэл хэлэлцэгдэх хуулиудын хүлээлгэнд орсон байх?

-Иргэд олон нийт тэр чигээрээ л улс төрийн өнөөдрийн нөхцөл байдалд эгдүүцэж байх шиг байна. Готов нь авна уу Шадав нь авна уу гэдэг яриа хүртэл гарлаа. Бид ч гэсэн төрийн үйл ажиллагааг үргэлжлүүлмээр байгаа. Тамхины хяналтын хуулиа ч хэлэлцүүлмээр байна. Өргөдлийн байнгын хорооны хурлын ирц бол хүрсэн. Маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн хуулийн хэлэлцүүлэг өрнөх учиртай. Энэ хэлэлцүүлгийг улс төрийн шалтгаан хэлээд бойкот хийх юм уу эсвэл завсарлага хүсэж битгий саатуулаасай. Улсын эрх ашиг нэгдүгээрт, намын эрх ашиг хоёрдугаарт байх учиртай. Энэ үлгэр дууриаллыг хариуцлагатай алба хашдаг хүмүүс үзүүлээсэй гэж хүсэж байна.

-Байр сууриа илэрхийлсэнд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *