Б.Жавхлан дараагийн Ерөнхий сайд болох уу?


Төрийн ордонд УИХ-ын даргыг түдгэлзүүлэх болоод Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зуруулах явц зэрэг өрнөж, Г.Занданшатарыг огцруулах бичигт 64 гишүүн гарын үсэг зурснаар өргөн барилаа. Харин Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь түдгэлзүүлэх УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн албан бичигт 62 гишүүн гарын үсэг зураад байна.

Үүссэн нөхцөл байдал Г.Занданшатарын Засгийн газрыг 7 хоногийн насгүй болсныг илтгэнэ. Тэгэхээр Д.Амарбаясгалан болоод Ерөнхийлөгчийн талаас дараагийн Засгийн газрын бүтцийг хэрхэн төлөвлөх талаар тохироо өрнөж эхэлсэн байх магадлал тун өндөр байна.

Одоогийн үүссэн улс төрийн нөхцөл байдлаас харахад Д.Амарбаясгалан дараагийн Ерөнхий сайдад өөрөө болоод өөрийн хүнээ томилуулаад ч тогтвортой ажиллах Засгийн газар бүрдэхгүй нь нэгэнт тодорхой болоод байгаа юм. Одоо Д.Амарбаясгаланд МАН-ын даргын суудлаа УИХ-ын даргын суудалтайгаа авч үлдэхийн тулд Ерөнхийлөгчийн талд буулт хийхээс өөр сонголтгүй нөхцөл байдал үүсээд байгааг харж болно. Тодруулбал: Дээлээ нөмөрчихгүйхэн шиг суудалдаа үлдэхийн тулд спикерт Ерөнхийлөгчийн талаас дараагийн Ерөнхий сайд томилуулахыг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үлдэхгүй гэсэн үг. Гэхдээ парламентын гишүүдийг хоёр талцуулсан улстөржилт эрчтэй үргэлжилсээр байгаа нь  дараагийн Ерөнхий сайдыг хэн болгох тал дээр талууд тохирохгүй байгаагаас үүдэлтэй байж мэдэх юм.

Д.Амарбаясгалангийн зүгээс Төрийн тэргүүнд хов зөөдөг “Түгжилүүд” дундаас дараагийн Ерөнхий сайдыг томилуулахгүйн тулд бүх зүйлээрээ дэнчин тавих нь гарцаагүй. Нөгөө талаас Гомбожавын Занданшатарын түүхийг давтахгүйн тулд парламентын гишүүнийг Ерөнхий сайдад зүтгүүлэх магадлал өндөр юм. Тэгвэл дараагийн Ерөнхий сайдаар хэн ажиллаж, эрх баригчдын дунд үүссэн энэ ав цавыг арилгаж чадах бол гэдэг асуулт хариултгүй хэвээр байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хийсэн мэдэгдэлдээ Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарыг Ерөнхийлөгчид хов зөөж, төрийн түвшинд хагарал үүсгэсэн хэмээн нэрлэсэн. Түүнчлэн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүн “үргэлж хамтдаа” гэдгийг ч тодотгосон нь бий. Энэ бүхнээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж байхдаа “түгжилдсэн” сайд нарт шинээр байгуулагдах Засгийн газрыг толгойлох бололцоог УИХ-ын дарга олгохгүйн төлөө зогсох магадлал байгаа юм.

Тэгвэл чухам хэн дараагийн Ерөнхий сайд болж, гацаанд орсон төр, засгийн үйл ажиллагааг жигдрүүлэх бол?

Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэгтэй бөгөөд Д.Амарбаясгаланд нэр, нүүрээ алдаагүй гишүүн цөөхөн бий. Одоогийн байдлаар хамгийн өндөр магадлалтай байж мэдэх хүнээр Сангийн сайд Б.Жавхланг нэрлэж болох юм.

Улсын төсөв хэлэлцэх энэ эгзэгтэй үед төсвөө боосон хүнд засгаа даатгах сонголт хийж магадгүй. Б.Жавхлангийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй садан төрлийн холбоотой гэгддэг. Харин Д.Амарбаясгалан болоод Л.Оюун-Эрдэнэ нарын аль алинтай нь түнжин хагарсан том зөрчил үүсгээгүй байж мэдэх улстөрч.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Л.Энх-Амгалан Г.Занданшатарын Засгийн газарт орж ажиллаагүй, сул гишүүнээр үлдээд байна. Хэрэв УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас түдгэлзүүлбэл Л.Энх-Амгаланг оронд нь зүтгүүлнэ гэдэг бор шувуу ч Төрийн ордноор жиргээд эхэллээ. Гэхдээ “Эм Си Эс” гэдэг хусагддаггүй тодотголтой түүнийг танхим хүлээж авах эсэх нь эргэлзээтэй.

100 жилийн түүхтэй намаа тараан байж, намын даргын суудал руу чичирсэн Д.Амарбаясгалан төрийг хагалан байж, одоо байгаа суудлуудаа авч үлдэх нь тодорхой байна. Иргэдийг жиндүүлж эхэлсэн хүйтэн жавар албан тушаалын зодоондоо улайрсан эрх баригчдын халуун тэмцэлд огт нөлөө үзүүлэхгүй нь.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *