Зам, тээврийн яамны Салбарын хяналт зохицуулалтын хэлтэс, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран, Ховд аймагт улс хоорондын ачаа, зорчигч, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг хянан шалгав. Шалгалтад улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч “Алтайн даваа”, “Баянголын хүлгүүд”, “Булган гол транс”, “Бадамлах хөшөөт” ХХК, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “Цастын хүлгүүд” ХХК-ийн удирдлага, инженер техникийн ажилтан, жолооч нарыг хамруулжээ.
Эдгээр компани холбогдох баримт бичгүүд, тээвэрлэлтийн гэрээ, боловсон хүчин /хүний нөөц/, авто зогсоол, техникийн үйлчилгээ засварын газар, авто тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрч, “Их” эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Мөн өмнө нь өгсөн улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй байв. Иймд дээрх компаниудын тээвэрлэлтийн үйл ажиллагааг 10 дугаар сарын 2-ноос эхлэн зогсоожээ.
Үүнээс гадна Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, “Бат хөсөгтөн” ХХК орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулж байсан аж. Тус компанийн зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг 10 дугаар сарын 3-ны өдрөөс түр зогсоолоо.
Тус компани Автотээврийн тухай хуулийн 15.1 “Аймаг, нийслэлийн нийтийн зорчигч тээвэр, таксины үйлчилгээг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасан тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эрхэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.