УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг маргааш /2025.10.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсохоор хуваарьт оруулсан байв. Үүнийг ирэх долоо хоногт сонсохоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хойшлуулжээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш өглөө Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай П.Сайнзориг нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэнэ. Түүнийгээ үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна.
Хэрвээ Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Ингэвэл Засгийн газрын 1 гишүүнийг солих шаардлагагүй болох юм. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулах, эсэхийг шийдэхээр тогтжээ. Хэрвээ Г.Занданшатарыг УИХ огцруулахгүй бол УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох тухай саналыг хэлэлцэх аж.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд Байнгын хорооны дарга нараас гадна УИХ дахь намын бүлгийн дарга, дэд дарга нар багтдаг. Нийт 17 гишүүнтэй энэ зөвлөл УИХ-ын хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоодог юм.