Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен 15-аас доош насны хүүхдүүд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулах гэж байгаагаа мэдэгджээ. Тэрээр “Сошиал медиа платформууд хүүхдүүдийн хүүхэд насыг хулгайлж байна” гэж онцлов.
Данийн парламентын хурлын нээлтэд хэлсэн үгэндээ Фредериксен тус хориг нь эцэг эхчүүдэд 13 наснаас эхлэн хүүхдэдээ сошиал медиа ашиглах зөвшөөрөл өгөх сонголт хийх боломжийг олгоно гэж мэдэгджээ. Ерөнхий сайд Метте Фредериксен “Бид хүүхдүүдээ гэр лүүгээ залгах, найзуудтайгаа холбоотой байх боломж олгохын тулд гар утасны хэрэглээг бүрэн дүүрэн зөвшөөрч байсан. Гэвч бодит байдал дээр бид “мангасыг” сул тавьжээ. Өмнө нь хэзээ ч ийм олон хүүхэд, залуучууд сэтгэлийн түгшүүр болон сэтгэл гутралд өртөж байгаагүй. Олон хүүхэд унших, анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй болж байгаа. Зарим нь интернэтэд харах ёсгүй зүйлсээ харж байна” гэж нэмж хэлсэн байна.
Мөн Фредериксен 11-19 насны хөвгүүдийн 60 хувь нь нэг долоо хоногийн хугацаанд чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө нэг ч удаа биечлэн уулздаггүй болсон гэх статистик мэдээлэл дурджээ. Мөн тэрээр “Хэрэв ухаалаг утас байгаагүй бол энэ тоо ийм өндөр байх байсан гэж та нар бодож байна уу?” хэмээн асуув. “Ухаалаг утас болон сошиал медиа хүүхдүүдийн хүүхэд насыг хулгайлж байна. Тиймээс энэ хууль бол Дани улсын хүүхдүүдэд илүү анхаарал хандуулах зорилготой юм” гэж хэлжээ.
Дани улс хүүхдүүдийн гар утас болон сошиал медиад хандах боломжийг хязгаарлах арга хэмжээ авч буй хэд хэдэн орны нэг юм. Өнгөрсөн оны 11-р сард Австралийн хууль тогтоогчид Дэлхийд анх удаа 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглох хууль баталсан. Энэ хуулийн хүрээнд технологийн компаниуд насанд хүрээгүй хэрэглэгчдийг сошиал медиа платформ ашиглахаас сэргийлэхийн тулд зохих арга хэмжээ авах ёстой. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд ойролцоогоор 33 сая ам.долларын торгууль ногдуулах заалттай байв.
Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре мөн 15-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглох саналыг дэвшүүлжээ. Түүний Засгийн газар шинэ хуулийн төслөө энэ оны 6-р сард олон нийтийн дунд хэлэлцүүлж эхэлсэн байна.
Эх сурвалж: CNN