Ж.Баярмаа: Ямар нэгэн асуудалгүй бол энэ гэрээгээ нууцлах шаардлагагүй байсан


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар нүүрсний гэрээг хянан шалгах түр хороо байгуулахтай холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Бид 3 долоо хоногийн өмнө Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам буюу нүүрс худалдан авах Харбины гэрээний асуудлаар хянан шалгах түр хороо байгуулахыг санаачлан ажиллаж байна. Хуулийн дагуу 32-оос доошгүй гишүүн гарын үсэг зурсан байх ёстой. Энэ тоондоо хангалттай хүрсэн.

Энэ хугацаанд маш олон үйл явдал өрнөлөө. Хяналтын сонсгол хийлгэхгүйн тулд гадна, дотноос УИХ-ын гишүүд утасдаж, уулзаж, янз бүрийн юм амласан. Гэвч олон нийт шударга байж, ард түмнийг мэдээллээр хангах ажилд нэгдсэн байна. Засгийн газар нууцад байсан бүх гэрээ, хэлэлцээрийг ил тод болгохоор шийдвэрлэлээ. Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнээс шууд хамаардаг. Тэрний гол хэсэг нь нүүрс. Удахгүй УИХ-ын Тамгын газарт албан бичгээ өргөн барьж, энэ ондоо багтан сонсгол хийхээр тооцож байна. Засаж залруулах бүрэн боломжтой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Бид хуулийн дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлсэн. Удахгүй УИХ-д өргөн барина. Энэ хугацаанд багагүй асуудал тулгарсан. Гарын үсэг зурж, дэмжих гэж байгаа УИХ-ын гишүүдийн гар утас руу залгаж, янз бүрээр дарамталж байлаа. Хэрвээ ямар нэгэн асуудалгүй, ард түмний төлөө хийсэн бол энэ гэрээгээ нууцлах шаардлагагүй байсан. Эсрэгээрээ энэ ажлаараа бахархаж, ард түмэндээ танилцуулах байсан.

Харамсалтай нь хянан шалгах түр хороог байгуулахгүй байх сонирхол хэсэг хүнд байна. Үндсэн хуулиараа байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан. Ард түмэн энэ талаар мэдэх эрхтэй. Энэ баялгийг хэдэн төгрөгөөр хэрхэн худалдах болсныг мэдэх ёстой.

Засгийн газар өчигдөрхөн нууцад авсан оффтейк гэрээнүүдийг ил болгохоор шийдвэрлэлээ. Энэ бол хянан шалгах түр хороо байгуулж, шалгах болсонтой тодорхой хэмжээний холбоотой. Эхнээсээ үр нөлөө гарч байна.

Бид бүх зүйл нь ил тод гэдэг утгаараа гэрээ хэлэлцээрүүдтэй танилцаж, холбогдох шинжээч нартай хамтран ажиллах бүрэн боломжтой болсон. Хамгийн гол нь эхлээд нөхцөлөө тохирохдоо “Биржийн үнээр нүүрс худалдан авахад бэлэн байна. Гагцхүү 5-хан хувь хямдруулаач ээ” гэж айлын тал хүссэн. Тэрийг нь Монголын тал хүлээн зөвшөөрч, биржийн үнэ 10 ам.доллар байхад 95 ам.доллароор нүүрсээ зарах боломжтой байсан. Хэзээд нь 50 ам.доллар болж буурсны хариултыг олох ёстой.

Бид энэ үнийг нэмүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлнэ. Магадгүй 55 ам.доллар гэж тохирсныг 65 ам.доллар буюу нэг тонн тутамд 10 ам.доллар нэмж, нийт 250 сая тонн гэдэг чинь 2.5 тэрбум ам.долларын ашиг олж болно. Манай улсын төсвийн 1/3-тэй тэнцэх 10 их наяд төгрөгийг дахин хэлэлцээрээ өөрчилж, гадаа жагсаж буй багш, эмч нарын цалинг нэмэх бүрэн боломжтой.

Одоо 36 гэрээ ил болсон ч Харбины гэрээ хэлэлцээр ил болоогүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК албан ёсоор ил гаргаагүй байна. Магадгүй ирэх даваа гаргаас ил болгоно гэж найдаж байна. Шинэ тутам байгуулсан гэрээ учраас түүнийг яаралтай засаж залруулах шаардлагатай.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *