Нууцын нууцыг илчлэх 3 дахь бичиг


Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг өөрийнх нь хүсэлтээр шалгуулах шаардлага гэсэн 2 бичиг Төрийн ордон дотор хэд хоног “хэсүүчилж” байна. Ерөнхий сайдыг Д.Амарбаясгалангийн тал хүчээр огцруулах бол УИХ-ын даргыг өөрөө ажлаасаа түр түдгэлзээд АТГ-аар шалгуулахыг Г.Занданшатарын тал шаардаж байна.

Ерөнхий сайдыг огцруулах нөхцөл:

Үндсэн хуулийн 43 дугаар зүйл:

  1. УИХ-ын гишүүдийн ¼-өөс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал албан ёсоор тавибал УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
  2. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

УИХ-ын 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар шийдвэл Г.Занданшатар болон түүний Засгийн газар хэцүүднэ. Тэрхүү 32-ынхоо саналыг УИХ-ын гишүүдийн 64 нь дэмжвэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ шууд огцорно.

УИХ-ын даргыг түдгэлзүүлэх нөхцөл

Үндсэн хуулийн 24 дүгээр зүйл

2.УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.

Улсын их хурлын тухай хуулийн 12 дугаар зүйл. УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах

12.2.1.УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан;

УИХ-ын даргыг түдгэлзүүлэх тухай заалт хуульд алга. Гишүүний хувиар  түдгэлзүүлэх боломжтой аж. Гэхдээ гишүүн өөрөө сайн дураараа түдгэлзэх тухай заалт бас байсангүй. Гэхдээ хуулиар хориглоогүй бол зөвшөөрөгддөг зарчимтай. Үүний дагуу УИХ-ын даргыг өөрөө түдгэлзэхийг шаардаж буй аж.  

Засгийн газрыг огцруулах бичгийг 10-р сарын 7-нд УИХ-ын дэд даргад өргөн барьсны хариуд өчигдөр Засгийн газар 3 дахь бичгийг гаргаж ирэхээр болов. Энэ бичиг одоо манай улс төрд өрнөж буй зодоонтой холбоотой олон нууцыг тайлна. УИХ-ын дарга өөрөө сайн дураараа түдгэлзэхгүй нь ойлгомжтой учир түүнд нь түлхэц өгөхөөр 3 дахь бичгийг гаргаж ирж байна гэж ойлгож болохоор.

Энэ бичиг одоо манай улс төрд өрнөж буй зодоонтой холбоотой олон нууцыг тайлна

Засгийн газар өчигдөр “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” тогтоолын төсөл баталсан нь загатнасан газар маажсан хэрэг байлаа. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Хятадын “Чайна-Энержи” компанитай ямар гэрээ байгуулсан болоод төр хямраах хэмжээний донсолгоо үүсгэв гэдгийг хэн хүнгүй мэдэхийг хүсэж байлаа. 36 их наядын алдагдалтай гэх тэр гэрээг улсын нууцаас гаргаж, хянан шалгах түр хороо байгуулахаар Ж.Баярмаа гишүүн гарын үсэг цуглуулсан. Түүнийг нь Засгийн газар өчигдөр ёсоор болгож, ба бэгүй шалгах боломжийг бүгдэд олгов.

Зөвхөн энэ биш, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Засгийн газарт 2022.05.11-нд танилцуулсан Гашуунсухайт-Ганцмод хилийн төмөр замын талаарх танилцуулга, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, холбогдох баримт бичиг ил болох нь. Засгийн газарт 2022.08.03-нд танилцуулсан “Монгол Улс, БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт барих болон нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тэмдэглэлийн төсөл, бусад баримт бичигт юу гэж бичсэнийг мэдэх боломж олон нийтэд одоо олдож байна.

Нууц гэдэг үгээр нүглээ халхавчилж ирсэн манай эрх баригчдад энэ явдал сургамж болох учиртай. Аливаа гэрээ, хэлэлцээр дунд хулгайгаа шургуулаад, олноос нуухын тулд “Нууц” гэсэн улаан дардас дарчихвал болдог гэсэн ойлголтыг үүгээр цэглэх ёстой. Нууцалж болсон бол илчилж бас болно. Б.Энхбаярын хэлээд байгаа “Нүүрсний хэрэг” үнэн эсэхийг одоо л харцгаая. Хэн нь гүтгүүлж, хэн нь хилсдүүлснийг бүгдээрээ харах боломж гарч ирлээ.

“Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” тогтоолын төсөл баталсан нь загатнасан газар маажсан хэрэг байлаа

Эрх баригчид үе үе ингэж зодолдож байвал ард түмэнд хэрэгтэй л юм байна. Ард түмнийхээ хулхин дээр цэцэг ургуулчхаад, үе үе багахан ноогдол ашиг мэтийг тарааж цэцгээ услахдаа манай эрх баригчид гаршлаа. Тэдний хулгайлсан нүүрсийг буцаагаад авч чадахгүй ч тохирох ялыг нь оноогоод, байх ёстой газарт нь байлгаж бас болох л байлгүй.  

Үнэхээр хулгай хийгээгүй, хөгжлийн төлөө ажилласан бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нэрийг цэвэрлэх боломж нь энэхүү гэрээ. Ажил хийсэн хүнээ адалж, зүтгэсэн хүнээ гүжирдэж болохгүй. Нүүрстэй холбоотой гэрээнүүдийг нууцаас гаргах нь аль ч талдаа ашигтай байгаа юм. Анхнаасаа энэ гэрээг нууцлаагүй байсан бол иймдээ тулаа ч уу, үгүй ч үү. Гэхдээ л нуух юм байсан болоод л нууцалсан байж таарна. Тэр нууцыг л мэдмээр байна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн нар нүүрсний гэрээнүүдийг хурдан ил болгож, нууцын нууцыг тайлж өгнө үү?


One response to “Нууцын нууцыг илчлэх 3 дахь бичиг”

  1. Нэр дурьдагдсан нөхдүүд НУУЦЫГ ТАЙЛЖ өгнө үү. Муугүй бичсэн товч нөхцөл байдлын шинжилгээ, дүгнэлт байна. Сайн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *