П.Сайнзориг: Тулаад ирэхээр арьсаа л хамгаалж байгаа байхгүй юү


NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн П.Сайнзориг орлоо. Түүнтэй Засгийн газрыг огцруулах үндэслэлийн талаар ярилцав.

———————————————————————-

-Засгийн газрыг огцруулах буюу Ерөнхий сайдад хариуцлага тооцож огцруулах асуудлыг хөндөнө гэдэг бол улс төрийн хүрээнд тоотой хэдхэн хүн хийдэг үйлдэл. Яг ямар асуудлаас болоод, яагаад огцруулах үндэслэлээ гаргаж тавив. Огцруулах бичиг өргөн бариад нэг хонолоо. Огцруул гэж зарлаад хоёр хонолоо. Энэ хугацаанд юу мэдрэгдэв. Дарамт шахалт байна уу?

-Бүх зүйл байгаа. Миний үнэт зүйл, зарчим, бодож явдаг суурь зарчмын асуудалдаа би үнэнч байгаа. Ар гэрт маань дарамт шахалтууд янз янзын байдлаар ирж байна. Тэр бол үндсэн хуульт засаглалыг хамгаалах ажлын хажууд дараагийн асуудал болж байна, харамсалтай нь.

Шулуухан хэлэхэд, манай намын даргын асуудал яригдаж байна. Ардчиллын зарчим аль ч инститүтэд үйлчлэх ёстой. Үүнийхээ хүрээнд өрсөлдсөн. Энэ өрсөлдөөний явцад намын бага хурлын дийлэнх нь нэр дэвшигчдээ саналаа өгч, намын дарга сонгогдсон. Унасан хүн энэ үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд Занданшатар энэ үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ бухимдлаа Төрийн ордонд авчирч, улс төрийн тулаан болгосон. Энэ үйл ажиллагаануудынхаа явцдаа Монгол Улсын Үндсэн хууль болон засаглалд бүдүүгээр халдаж, буцаад 1930-1940 ондоо очиж, их хэлмэгдүүлэлтийн зарчмыг тунхаглаж эхэлсэн. Байхгүй хэргийг хэн нэгнээр гүтгүүлээд, “Чи өөрийгөө нотол. Нотолж чадахгүй бол зөвшөөр” гэдэг боллоо. Уг нь 1992 оноос хойш Үндсэн хуулиар хориотой болсон зүйл.

Хууль сахиулах байгууллага ажлаа хийх ёстой. Түүнээс нэг хүний амаар “Нухчихсан юм байна лээ” гэж ярингуут “За одоо шалгуулъя” гэдэг байж таарахгүй. Тэгвэл ээлжилж мэдэгдэл хийгээд, нэг нэгнийгээ буруутгаад байх уу. Барин тавин хэвлэлээр гүтгээд, урьдчилан яллаж байгаад байхгүй хэрэг дээр нотлоод ир гэдэг байж болохгүй. Бодлогын инститүц удирдах ёстой сайдыг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Гашуун түүх бий. Ээ түүхийг давтаж болохгүй, мартаж болохгүй.

Нийтийн сүлжээ, хэвлэлээр ажиллаж байна. Олон нийт маань учрыг нь олохгүй байна. Маш олон зүйл гацсан байгаа. Бодлогын шийдлүүд шийдвэрээ хүлээж байгаа.

-Та огцруулах үндэслэл дээрээ эдийн засгийн асуудлыг яагаад оруулж ирээгүй вэ? Улсын данс улайсан, валютын нөөц 5 тэрбум гэдэг нь худлаа. Монгол Улс дефолд зарлахад бэлэн байна гэх зэрэг.

Энэ мэдээж үүсэж байгаа нөхцөл байдлын нэг хэсэг. Үүнийг даван туулах төлөвлөгөөгөө бид тусдаа ярина. Мэдээлэл зөрүүтэй байна гэдгийг л хэлсэн. Арилжааны банк болон тодорхой бонд, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр орж ирсэн мөнгө, цэвэр валютын нөөцөө өөрсдөө хэлж чадахгүй байна. Хэлэх юм бол дарамтлуулах гээд байгаа байхгүй юу. Хоёрдугаарт, эдийн засаг нөхцөл байдал амаргүй байгааг багш нарын жагсаал, ахмадууд тэтгэврээ нэхэж байгаагаас харж болно. Энэ хүнийг ажил хүлээж авахад эдийн засаг 5,6 хувийн өсөлттэй байсан. Өнөөдөр нэлээд уналттай байна.

-Улсын данс улайсан, дефолд болсон гэдэг дээр танд баримт нотолгоо байна уу?

УИХ төрийн бодлого тодорхойлж байх ёстой. УИХ-ыг Засгийн газар зөв мэдээллээр хангаж байх үүрэгтэй. Гэтэл яагаад валютын цэвэр нөөцөө хэлж чадахгүй байгаа юм. Төрийн байгууллагуудыг бүгдийг дуугүй болгож байна. Өөрөөр хэлбэл төрийн тендерүүд бүгд зогссон. Шалгарсан тендерүүдэд өгөх мөнгө төрийн дансанд байхгүй, шилжүүлж чадахгүй байна.

-Баримт байна уу?

Бодит байдал дээр иргэд бичиж байгаа байхгүй юу. “Мөнгөө авч чадахгүй, ажилчдадаа цалингаа тавьж чадахгүй байна” гэж. “Төр ажлаа хийлгэчхээд, мөнгийг маань өгөхгүй байна” гэсэн үйл явдлууд битүү байна шүү дээ. Иймэрхүү зарчим ярьсан хүмүүсийг ажлаас халж, ерөнхийдөө тал талдаа вакуумжчихдаг юм шиг байна. Намайг дуугараад байдаг учраас олон хүн мэдээлэл явуулж байна. Би одоо ямар тэр компаниудын нэрийг зарлалтай биш.  

-Эдийн засаг 5.5 хувь өссөн гэж Засгийн газар танилцуулсан. Гэтэл таны яриатай зөрөөд байна. Хоёрдугаарт, 55 дугаар тогтоолыг та ярьж, асуулга тавьж байсан. Тэгээд огцруулах үндэслэлдээ хамгийн чухал буюу “Үндсэн хууль зөрчсөн, холбогдох хуулиудыг зөрчсөн” гэсэн байна. Салбарын сайд нь “Энэ бол хууль зөрчөөгүй” гэж хэллээ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

Тулаад ирэхээр арьсаа л хамгаалж байгаа. Би бол ойлгож байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бол улсын төсөв бүрдүүлэх хамгийн том суурь татвар. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байгаа. Гэхдээ уул уурхайд зориглож орж ирсэн бизнес болгоныг балбаад байж болохгүй. Би ерөөсөө бизнесийг хамгаалдаг юм шүү дээ. Өнөөдөр татварыг буруу тогтоосон нь бизнесийнхний буруу биш.

Магадгүй энэ аргачлалыг илүү уян хатан болгох байсан уу гэвэл байсан. Төмрийн экспорт дээр гэхэд Тянжины боомтын үнийг барьж, татвар авч байсан. Энэ буруу. Урд хөршийн Эрээн, Мандал, Ганцмод боомтын үнээр бодохгүй, хамгийн өрсөлдөөнтэй боомтын үнээр тооцож, АМНАТ авна гэдэг бол аймшигтай.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн суурь зарчим, Татвар, Төсвийн хууль гээд маш олон хууль зөрчсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 “Экспортод гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын биржээр борлуулна” гэдэг үгтэй.  Уул уурхайн биржийн бүтээгдэхүүний тухай хуулийг 2022 онд батлаад, 2023 оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс мөрдөж ирсэн. Тэрнээс өмнө замбараагүй явж ирсэн. Өмчийн хэлбэр үл хамааран, Биржийн тухай хуулиар уул уурхайн бүтээгдэхүүнийг зарах үүрэгтэй. Гэтэл 100 хувь зарах ёстой юмыг 25 хувийг нь зарчхаад, үлдсэн 75 хувийг өөр бусад замаар зарж болно гэчихсэн.

Тэр 25 хувь бол биржийн хуулиас ухарсан заалт. Биржийнх нь үнээр АМНАТ тооцох нь шударга. Олон улсын гэрээгээр бол АМНАТ авна гээд заачихсан. Гэтэл мань хэд биржээсээ шууд ухрангуутаа нүүрснийхээ 25 хувийг зарна. 75 хувиа яаж ч зарж болно. Харин 25 хувиар нь тооцож, АМНАТ авъя гэж байна.

Дээрээс нь төсвийн жилийн дундуур төсвийн орлого бууруулах шийдвэр огт гаргаж болдоггүй. Магадгүй энэ шийдвэрийг уул уурхайн салбараа зөв болгоё гээд 2026 оны төсөвтэйгээ уялдуулаад “Энэ зарчимд шилжих гэж байгаа” гэдгээ хэлж болно. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргаад, хугацааг нь тавьж өгөөд хийх ёстой.

Хоёрдугаарт, хамгийн аймшигтай зүйл бол энэ шийдвэр ерөөсөө дөрвөн сар арав хоногийн хугацаатай. Тэгсэн мөртлөө дөрвөн сар арван хоногийн дараа хуучин журам нь өөрчлөгдөж байгаа. Сангийн яам үүнийг зөвшөөрөөгүй байхад хүрчээр гарсан шийдвэр.

-Бичиг нь байна уу?

Хамгийн сүүлийн бичиг байна. Эхний бичигт Сангийн яам алдагдлынх нь мөнгөн дүнг хүртэл тавьчихсан байсан. Дээрээс нь шахалт ирсэн юм шиг байна лээ. Тэгэнгүүт Б.Жавхлан сайд дахиад бичгээ өөрчилсөн байх магадлалтай юм билээ. Тэр өдрөө дахиж бичиг хийж өгөөд, түүн дээрээ арай зөөлрүүлээд бичсэн байна лээ. Утга нь “Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахгүй. АМНАТ-ыг арилжааны үнээр тооцвол хувийн аж ахуйн нэгжүүд уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр борлуулах сонирхлыг бууруулах, биржийн үйл ажиллагааг удаашруулах зэрэг буруу үр дагавартай” гэсэн байна.

Засгийн газрын хуралдаан журамтай. Энэ журмыг долоон сард шинэчилж баталсан байна лээ. Түүнийх нь 6.2-т “Төсөв санхүүгийн асуудлаар Сангийн сайдын саналыг заавал авч тусгана” гэсэн зарчимтай. ХЗДХЯ, Сангийн яам зөвшөөрөөгүй асуудлыг баталдаггүй. Тэгэхээр үүний цаана маш том эрх ашиг байгаа юу, тийм үү? Би бол үүнийг маш олон зүйлээр хардаж байна.

-Цаад эрх ашиг гэдгийг тодруулан хэлж өгөөч?

Уг нь бизнесийн байгууллагууд худалдан авах ажиллагаагаа зохион байгуулаад, жилийн эхэнд бизнес нь голдирлоороо явах ёстой. Гэтэл жилийн дундуур дахиад БЭТ томилж байгаад дахиад гараад ирсэн. Надад энд бичиг дээр байна. Энэ “Сод Монгол” грүппэд есөн сарын 17-ны өдөр албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай. Бямбасүрэнд гэрээний үнэ 239 тэрбум 814 сая төгрөг” гэсэн бичиг байсан. Ц.Анандбазар гэдэг хүн эзэн нь мөн биз дээ. Манай Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэж намын бага хурал дээр хэлсэн.

Тэгэхээр Та “БЭТ тавиад өөрийнхөө зөвлөхөд энэ тендерийг өгсөн” гэж хэлэх гээд байна уу?

Ерөнхий сайдын дүү гэсэн байх аа, Анандбазартай бас дундаа нэг компанитай юм гэсэн. Одоо тэгээд ашиг сонирхол, нэгдмэл этгээдийн асуудал дээр ингэж болохгүй гэдэг нөгөө хууль мууль нь хааччихсан юм.

-Сая та тодорхой зүйл хэллээ. Г.Занданшатар Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээд гэж. Та бүхэн “Их хурлын даргыг ийм байдлаар гүтгэж байна” гээд байгаа шүү дээ. Таны яриад байгаа энэ хоёр яг адилхан зүйл юм биш үү?

-Хоёр өөр зүйл ш дээ. Би БЭТ-ийг танина. Хамт ажиллаж байсан. Зарчимтай ч хүн байдаг. Гэтэл ямар шахаанд ороод ийм юм хийж байгаа юм мэдэхгүй. Хоёрдугаарт, Анандбазар болон Ерөнхий сайдын хооронд эдийн засгийн харилцаа байж байна. Эдийн засгийн харилцаа нь бүр компани шүү, ашгийн төлөө.

Амарбаясгалан даргын хувьд хүн амины хэрэгт шууд гүтгэж байна. Би энэ талаар хуулийн байгууллагаас асуусан. Үнэхээр тийм юм болоогүй. Тэр хүн сахарын өвчтэй байгаад нас барсан гэсэн. Хоёрдугаарт, “Админерал” гэдэг компанитай холбоотой гэрээнүүд, материалуудыг хууль хяналтын байгууллагад өгсөн гэж би сонссон. Тэрний дагуу Чулуунзагд гэдэг хүнийг бариад хорьсон. Чулуунзагд, Амарбаясгалан даргын хоорондох харилцаануудыг би хэвлэлээс харж байгаа шүү. Тэндээс харахад ганцхан төрийн бус байгууллага л байна лээ.

-Энэ хоёр хүн хоёулаа энэ асуудлаа мухарлах ёстой юм биш үү?

-Яг энэ дээр бид улс төрийн хариуцлага бас ярина. Хууль хяналтын байгууллага дараа нь ярьж болно. Хэн хэнийх нь асуудал хуулийн хүрээнд явж болно. Яагаад хэрэг үүсгээгүй байхад “Өөрөө өөрийгөө нотол” гэж сонин сонин ярьж байгаа юм бэ.

1990 оноос өмнөх нийгэмд “Хүн байхад хэрэг нь олдоно” гэдэг байсан. Энэ зарчим Дэлхийн түүхэнд хүртэл гашуун сургамж үлдээсэн. Австралид “Уугуул иргэд бүгд гэм буруутай. Шүүхээр цагаадахаас наана та нар гэм буруутай” гэдэг зарчим үйлчилж байсан, аймшигтай.

Зарим хуульч энэ талаар Авилгатай тэмцэх газарт өгсөн байна лээ. Хоёуланг нь тогтоогоод явчихвал зүгээр юм биш үү?

Энэ асуудлыг хардах эрхийнхээ хүрээнд ярьж байгаа боловч огцруулах үндэслэлээр нэг их ярихгүй байгаа, би. АМНАТ-ын суудал дээр огцруулах үндэслэлээ тавьсан. Одоо юмыг нэг их ингэж гуйвуулаад яах вэ. Шалгаж тогтоодог байгууллага нь тогтооно биз.

Засгийн газрын 55 дугаар тогтоолын талаар Та Үндсэн хуулийн цэцэд хандсан уу?

Яагаад өдий болтол хүлээсэн бэ гэхээр АҮЭБ-ийн сайдтай ярьсан. Дамдинням сайдтай учраа олоодохъё гэсэн. Биржээсээ ухарчихлаа. Уул уурхайг дэмжиж болно. Гэхдээ хэдүүлээ хуулийн хүрээнд ярья. Яагаад өмнөх шийдвэрээ хүчингүй болгоогүй байж, дараагийн шийдвэр гаргав. Яг ямар ажил хийгээд байгаа юм бэ, болох юм уу гэж.

Тэгээд энэ асуултдаа хариу хүлээж байсан. “Болж өгвөл наана нь засаач ээ. Чамд энэ эрх байна” гэж дандаа хэлж байсан. Гэтэл Дамдинням “Би бараг энд хүрээгүй, мэдэхгүй” гэж булзаж байснаа сүүлдээ “Биенийхээ хариултыг бараг л мэдэж байгаа. Битгий сэвээд байгаач. Би гуйж байна” гэж хэлсэн. Зүгээр хоорондоо ярьсан юмаа нэг их задалж яримааргүй байна.

Ярьсан юмаа үгүйсгээд байгаа бол хэлэх л хэрэгтэй юм шүү?

Би УИХ-ын Хяналт шалгалтын хороонд бүрэн эрхийнхээ хүрээнд асуулга тавьсан. Одоо хүртэл хариу хэлээгүй байгаа. Хоёр, гурав сонгогдсон гишүүд бааварладаг. “Зүгээр байгаарай. Юу яриад байгаа юм, жагсаалтынх” гэх зэргээр. Бүгд адилхан УИХ-ын гишүүд. Зарчим ярьж байгаа болохоос эд нарт цохиулаад, элэгдүүлээд, эд нарыг насаар нь сайд болгохын тулд бид байдаггүй. Ард түмэн биднийг ингэ гэж лав сонгоогүй.

Яг энэ асуудлаар Засгийн газрыг огцруулах үндэслэл байгаа юм байна гэж ойлголоо. Нөгөө тал нь “Бид хууль зөрчөөгүй” гэчихлээ. Энэ асуудлаа ҮХЦ-д өгөөд асуудал дуусчих юм биш үү?

-Энэ нэг ийм асуудал байгаа юм. Жавхлан сайд ерөөсөө дэмжээгүй. Бүх хууль зөрчинө гэдгээ хэлсэн байхад, улс төрийн хариуцлага тооцох ямар ч асуудал байхгүй. Харин ҮХЦ авлига, ашиг сонирхлын асуудал байна гэж үзэх юм бол хуулийн хариуцлага тооцно. Юмыг ингэж завхруулж болохгүй. Өнөөдөр үүнийг оройтоогүй дээр нь улс төрийн хариуцлага хүлээлгэж засна. Улсын төсөвт орох ёстой мөнгө ороогүй учраас дараа нь хуулийн асуудал яригдана.

-Ямар нэгэн юм болоход, огцруулаад, тэгсхийгээд замхарчихдаг. Үнэхээр ийм зөрчил гаргасан бол шалгуулмаар юм байна. Хэрэв ийм шийдвэр гаргаж, тэр нь буруу гэж дүгнэвэл УИХ-ын гишүүнээс татагдах уу гэдэг асуудал хүртэл хөндөгдөх байх?

-Энэ шийдвэр 8 сарын 20-нд гарсан. Би маш болгоомжтой хандаж байсан. Зарчмын хувьд уул уурхайн аргачлалыг өөрчлөх замаар АМНАТ-ыг 5 хувь бууруулж болох юм байна гэдгийг харж байсан. Тийм учраас АМНАТ-ын тухай тусгай хууль гаргая гэж бодож байсан. Тэр үеийн албан бичгүүд бүгд байгаа. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга дээр АМНАТ-ын хуулийг шинэчилж баталъя гэсэн зарчмыг үнэндээ сүүлийн долоо, найман жил ярьж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль гараад, 100 хувь биржээр борлуулж, ил тод байдал хангагдана гэж харж байтал тэр зорилгоосоо 25 хувь болж хазайсан.

Шилжилтийн үеийн зохицуулалт хэрэгтэй байна. Эхний үед хэдэн он хүртэл компаниудад 40 хувийн ч юм уу АМНАТ тооцоод, ингээд ингээд ахиулаад 100 хувьд хүргэе гэдэг асуудлыг хууль тогтоогч байгууллагаараа хэлэлцэх ёстой. Энд хэлэлцээд, шийдвэрээ гаргаад явах ёстой байтал… Төрийн инститүц зөв ажиллаж, АМНАТ тооцох аргачлалаа сайжруулж, Монголын компаниуд өрсөлдөх чадваргүй болж байгаа асуудлыг бид засах ёстой. Түүнээс биш ингэж хуйвалдаж болохгүй.

Нөгөө төрийн өмчит компаниуд чинь бүгд 100 хувь зарах ёстой биш, 25% зардаг болсон, шинэ АМНАТ-ын журмаар. Уул уурхайн биржийн тухай хуулиар “100 хувь зарна” гэсэн байгаа шүү дээ. Одоо мөрдөж байгаа журмаар ямар ч хувилбараар зарсан ч ашиг сонирхлын зөрчилд орно. Дараа нь хэдэн татварын байцаагчийг л хэрэгт хийх гэж байгаа байхгүй юу.

-Сангийн яам тэр хоёр бичгээ олон нийтэд үзүүлж болохгүй юу?

Би Засгийн газрын тэмдэглэлийг харсан. Тэрийг одоо нэг их дэлгээд яах вэ. Жавхлан сайдаас очоод тодруулчих.

Жавхлан сайдын гаргаж ирсэн бичиг наадхаас чинь арай өөр байсан.

Би тэр бичгийг хараагүй. Хамгийн эхнийх дээр нь бол мөнгөн дүн тавьчихсан байсан. Тэр мөнгөн дүн хүмүүсийг цочролд оруулахаар юм билээ.

Та хэлээч? Асуудал байгаа бол тултал хэлэх хэрэгтэй.

Ийм хэмжээний АМНАТ-ын хөнгөлөлт ороод ирэнгүүт яаж ийж байгаад л зарна. Хятадууд хүртэл ийм хямдаар нүүрс авахыг бодно. Бодит байдлыг хэлэхэд, одоо байгуулсан гэрээ шууд татварын санд ордог. Яг нүүрсний үнэ өссөн үед хуучин үнээрээ нүүрсээ өгөх нөхцөл бүрдсэн. Бид бүхний өнгөрсөн хугацааны зовлон давтагдана. Хувийн хэвшлийг би буруутгахгүй. Эд нарт бол аймаар том хожоо болно. Тэгэхдээ бид ингэж тодорхой эрх ашигт үйлчилж болохгүй. Бүх юм яг хуулийн хүрээнд ил тод, шударга явах ёстой.

Улс төрийн хариуцлага тооцно гээд огцруулдаг. Гэсэн ч хариуцлагын асуудал орхигддог. Шийдвэр гаргаж байгаагийн хувьд УИХ-аас эргүүлэн татах уу. Хэн нь сайд болж очих бол гэдэгт л санаа зовж байна.

-АМНАТ-ын хуулийг тусал нь гаргая гэж сүүлийн 7, 8 жил ярьж байна. Бодлогыг нь Сангийг яаманд бариулах хэрэгтэй.Эндээс асуудал үүсээд байгаа юм. Мөн уул уурхайн бүтээндэхүүний арилжаа 100 хувь биржээр явагдаж, ил тод байдал хангагдлаа гэж үзтэл зорилгоосоо буцсан. АМНАТ тооцох аргачлал, авах гэж байгаа биржийн нэрийг зааж байгаа нь үндэслэлгүй. Монголын компаниудын өрсөлдөх чадварыг хумьж байгаа асуудлыг засах ёстой болохоос хуйвалдах ёсгүй.

-Улс 200 тэрбумын алдагдал хүлээсэн нь MCS, Энержи ресурс”-т  ашигтай гэх мэдээлэл гарсан. Засгийн газар, сайдууд нь бас нэг компанийн төлөөлөл байж болох мэдээлэл гарч байна. Үүнд та ямар байр суурьтай байна?

 -Тогтоолыг гарахад 55 сая тонн нүүрс зарсан гэдгийг чуулган эхлэхээс өмнө Эдийн засгийн хөгжлийн яамны хүмүүсээс сонссон. Энэ жил 85 сая тонн нүүрс зарах зорилттой юм байна .Цаана нь 30 орчим сая тонн нүүрсийг яг энэ хөнгөлөлттэй үнээр нь зарах гэж байгаа юм. Биржийн үнэ, тээвэртэйгээ 90 доллар 30 цент байхад Ганцмод-Гашуунсухайтад тээвэртэйгээ 135 доллар. 45 долларын зөрүү байна. Эдийн засаг сэргэж байна гэж байгаа ч хямд АМНАТ-аар дамжуулж, баахан цаасан дээр нүүрс зарах гэж байна. Ийм хөнгөлөлттэй үнээр бага нүүрс зарснаар дараа, дараагийнхаа эдийн засгийг боомилж байна гэсэн үг. Төрийн өмчит компаниуд 100 хувь зарах ёстой ч шинэ АМНАТ-ын хуулиар 25 хувиар зарж байна. Би энийг салбарын сайдаас нь, татварынхнаас сонссон.

Уг нь хуульдаа заасан байхад хуулиа дагаад журам үйлчлээд байгаа хэрэг үү?

-Энэ журам “Эрдэнэс Тавантолгой”-д хүртэл үйлчилж байгаа юм байна. Яаж ч зарсан татварын байцаагч нар хэрэгт орно.

-Таны хэлж байгаа асуудлыг чуулганаар ярих байх. Яриасай гэж хүсэж байна.

-Сангийн яам хоёр бичгээ үзүүлээсэй гэж хүсэж… Би тэмдэглэлээс бичгийг харсан. Би үүнийг дэмжихгүй. Б.Жавхлан сайд улсын төсөвт үүсэх эрсдэлийг тооцчихсон байсан шүү. Мөнгөн дүнг нь хэлж, олон нитийг цочроогоод яах вэ…

-Асуудал байвал тултал хэлэх хэрэгтэй байх…Төсөв хэцүү байгааг нөхчихсөн. 200 тэрбумын нэмэлт орлого олно гэж хэлсэн дээ..

-Ийм хэмжээний АМНАТ-ын хөнгөлөлт орж ирэхээр хятадууд хурдан авна. Энийг далимдуулж, Хятадын зах зээл дэх нүүрсний эрэлт сэргээд байна.

-Хэрэв Биржийн тухай хууль дээр 100 хувь гээд заачихсан байхад 25 хувиар гарга гээд байвал бидний өнгөрсөн хугацааны зовлон үүснэ

-MCS  шиг олон компани байгаасай гэж хүсдэг. Гэхдээ сонгууль бус, улс төрийн  бус циклд орж байна. Өөрөөр хэлбэл хэн Ерөнхий сайд байхыг хүртэл шийддэг. АМНАТ-ын татварыг бууруулсан нь MCS.

Баримттай юу?

Нууц биш.Бүгд мэдэж байгаа. Энэ шийдвэрийг MCS гаргуулсан. Татвар нь өндөр байгаа бол санал тавиад, хуульд нийцүүлээд, УИХ-аасаа асуу хэрэгтэй. Уул уурхайн сайд нь ашиг сонирхлын зөрчил гаргах хэрэггүй…

ЭБАҮ-ийн сайд ямар ашиг сонирхлын зөрчил гаргасан гэж?

-Энэ компанитай холбоотойг түмэн мэдэж байгаа. Хамт нисдэг тэргээр нисээд, баяр дээр нь зэрэгцээд зогсож байдаг юм байна лээ. Энэ бол их буруу жишиг. Засгийн газар АМНАТ-ыг хамгийн бага, улсад хохиролтой нөхцөлөөр хууль тогтоомжийг зөрчиж, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд хуваарилах зарчмыг алдагдуулж гаргаж болохгүй. Үүнийг засах арга зам, ярилцах орон зай байсан. Гэхдээ хүсээгүй.

Б.Энхбаяр Үндсэн хууль зөрчиж, ннэ шийдвэрийг эцэслэсэн гэдгийг амаар мэдэгдсэн. Бүх шатны албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа амаар болон бичгээр гардаг.

-Захирамж гарч байж албаждаггүй бил үү?

-Харин тийм. Төрийн инститүт хоорондын харилцааны зарчим энд алдагдсан. Хуучин Засгийн газрын гишүүдийг нэгбүрчлэн Ерөнхий сайд саналаа хурааж, УИХ-аас томилдог байсан. Үүнийг болиулж, Ерөнхий сайдыг өөрөө кабинетаа бүрдүүлэх  үүрэг өгсөн нь ч нөхцөлтэй. Аливаа Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөхдөө Ерөнхийлөгчид, УИХ-д танилцуулаад, энэ үйлдлээ хийгээрэй. Танилцуулна гэдэг нь хуралдаад өнгөрөх төдий биш юм. Монгол Улсын сайд энэ нөхцөл байдлыг танилцуулаагүй. Хоёр танхимтай парламент байхгүй ч тэрийг гүйцэтгэж байгаа. Би өөрөө хуульч. Үндсэн хуулийг зарчмын нэг ч цэг, таслал алдагдуулалгүй сахин хамгаалах ёстой. Үүнийг зөрчиж байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж байна. Ингэхлээр дараа дараагийн хямрал бий болно. Бүгд өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулж, дураараа аашилна. Хамгийн ноцтой нь Б.Энхбаярыг тодорхой хэрэг маргаан шийдвэрлэх гэж томилсон. Энэ нь надад харамсалтай санагдсан. Ийм байдлаар шүүх эрх мэдлийн хараат бус байдалд халдаж байгаа хэрэг. Тэгээд үүсээд шалгаж байгаа хэрэг байхгүй. Нүүрстэй холбоотой оффтейк гэрээг ил болгож, энэ асуудлаа шийдэхгүй бол бүгд болохоо байчихсан юм байна. Нүүрснээс орж ирэх АМНАТ-ыг хулгайлна. 

-Нүүрсний хулгайн талаарх та ямар байр суруьтай байна? 

-Олон жил ярьж байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийг тойрсон нүүрсний зовлонтой асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэх байр суурийг олон хэлж байсан. Олон улсын чиг хандлагаар явах хэрэгтэй. Төрд авч үлдэх, хувийн хэвшил, иргэндээ өгөх зарчмаар. Иргэддээ хувьцаа өгөхөөр байгалийн баялгаасаа нэмэлт орлого олж, үнэт цаасны зах зээл хөгждөг юм байна. Төрийн болон орон нутгийн өмчийн энэ асуудал улс төрийн санхүүжилтийг хэцүү болгочихлоо. Зах зээлээ явуулахгүй байна. Мөн бүлэглэл хоорондын янз бүрийн сөргөлдөөн, тэмцэл байгаа нь нууц биш. Хэн нь илүү байх вэ гэдэг тэмцэл.

Та хэн энийг чадна гэж бодож байна. Шууд хэлэх хэрэгтэй

-Энийг шийдэж чадах хүнийг бид сонгох ёстой. Байгалийн нөөцийн яамтай болох ёстойг бага хурлын үеэр хэлсэн. Бүгд харилцан тэнцвэртэйгээр хяналттай байж, улс эх орны эдийн засгийг тэлж, багш, эмч нарын цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх боломж бий. Хэн хийж чадах вэ гэдэгт хариулт авсан. Тийм учраас итгэл үнэмшлээрээ явж байна. Шаардлага тавьж байгаа.

Надад бол хэцүү байна. Мөрдөн байцаах албаны асуудлыг тогтолцооны хувьд өөрчлөх шаардлага байна. Европын холбоонд хуулийн байгууллагын удирдлага улс төрийн нөлөөнд автсан үгүйг, жагсаал цуглааны үеэр хүний эрх зөрчсөн эсэхийг хянадаг инститүт байна. Гэвч Монголд алга. Үүнээс болж ажил хийлгэхгүй байна.

Энэ нөхцөл байдлыг саяхан АТГ харуулах шиг боллоо. Хэрэг хэрэг болохоор хэрэг, хэрэг болоогүй үед хэрэг хэрэг биш болдог гэдгийг АТГ-аас харлаа…

-Ах нар маань энийг засаж, үлгэрлэх ёстой. Гэтэл үгүй бололтой. Миний итгэсэн 2, 3 хүний 1 нь маскаа сольчихож. Би тэр хүнийг улс төрд ороход бүх хэлж ярих хуулийг нь бичиж өгч байтал хууль зүйн зарчмын эсрэг зүйл яриад байгааг гайхаад байна.

-Хэн бэ?

-“Нухчихсан” юм байна лээ гэж хэлсэн хүнийг би яриад байна. Нэгэн үед манай салбарын сайд, хамтрагч байсан хүн баримтгүйгээр хүнийг гүтгэсэнд урам хугараад байгаа юм. Яг МАН-ын даргын сонгуулийн өмнө гарч ирээд, хүний ил бамбай болно. Хууль зүйн салбарынхан чинь ингэж болдоггүй юм. Илд, бамбай болох гээд байгааг нь зогсоох ёстой. Энд шударга ёс, хуулийн зарчим тогтоодог болохоос биш, илд, бамбай болдог хүмүүсийг ажилуулдаг газар биш. Энэ чинь манай өмнөх нийгмийн коммунизмын зарчим. Харамсалтай.

-Одоогийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулахад хэдэн гишүүн гарын үсэг зурсан байгаа вэ?

-Тоо чухал биш. Би 1 дэх өдөр тоолоход, 32 байсан. Нэр усыг нь тогтоож аваагүй.

УИХ-ын даргыг ажлаа өгөөд шалгуулчхаач гэж шаардлага тавьж байна лээ…

-Би бичгийг нь авч үзээгүй. Энэ гэхдээ улс төрийн бас нэг акц. Би огцруулах бичгийг өргөн барихгүй байж болох байсан юм. Над руу, манай намын Тулгатай хүн ярьсан. “Нам, инститүт хэцүү байна. Энэ хүмүүст ойлголцох орон зай байгаа. Чи битгий яараарай” гэсэн. Эд чинь арга ядаад байгаа юм. Би тэднийг ойлголцоосой гэж хүлээсэн. Гэтэл тэгсэнгүй.

-Ойлголцоно гэж  юуг хэлээд байгаа юм?

-Улс төрийн намын даргын асуудлаа Төрийн ордонд  ярьдгаа болих хэрэгтэй. Төсөв хэлэлцэж байхад бүгд гарч, мэдэгдэл хийж байна. Төсөвт ямар ч ач холбогдол өгөхгүй байна. Нэг хүн тэнд “Нухчихсан байж магадгүй” гээд хэлээд байж байдаг. Баримт байгаа гэж хэлсэн ч үүсгэсэн хэрэг алга. Өөрийнхөө хэлснийг ч нотлох  баримт ч алга. Энэ гэм буруугийн асуудлыг хуулийн байгууллага тогтооно. Хувь хүн тогтоодог юм биш.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *