Орос улс энэ сарын 9-10-нд шилжих шөнө Украины нийслэл Киев хот руу дайрсны улмаас өндөр барилгад гал гарчээ. Эрчим хүчний станцууд уг цохилтод өртөн, Киев хотын зарим хэсэг тог цахилгаангүй болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Киев хотын дарга Виталий Кличкогын мэдээлснээр 9 хүн гэмтэж бэртсэн бол 5 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр Киев хотыг дайрч урсдаг Днепр мөрний зүүн эрэг дагуух дүүргүүдэд цахилгаан тасалдаж, усан хангамж доголдсон талаар мэдээлсэн байна.
Украины эрчим хүчний байгууламжуудыг Орос онилж бөмбөгдсөн талаар Эрчим хүчний сайд Светлана Гринчук “Хохирлыг бууруулахын тулд эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд шаардлагатай бүх арга хэмжээг авч байна” хэмээн Facebook хуудсандаа бичсэн байна. Гурван жил хагас үргэлжилж буй уг дайны хүрээнд Оросын тал сүүлийн хэдэн долоо хоногт, өвөл ойртож байгаа энэ үед Украины эрчим хүчний дэд бүтцийг гол бай болгон довтолж байна.
Өнгөрсөн долоо хоногт Орос пуужин, дроны асар том дайралт хийж, Украины хэд хэдэн хий олборлох гол байгууламжуудыг онож, ихээхэн хэмжээний хохирол учруулсан юм.