Израил, Палестины талууд барьцааны хүмүүсээ харилцан суллахаар тохиролцсон үйл ажиллагааг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн биеэр очиж үзэхээр Израил руу нисэхийнхээ өмнө “Дайн дууссан” гэж мэдэгджээ. Хамас бүлэглэл орон нутгийн цагаар 10:00 цагт Израилын барьцааны хүмүүсийг суллана. Доналд Трамп даваа гарагт энэ үйл ажиллагааг үзсэнийхээ дараа Египт рүү очиж, дайныг зогсооход чиглэсэн олон улсын хуралд оролцох юм.
Хамас бүлэглэлийн барьцаалсан 20 орчим израил амьд байгаа гэх мэдээлэл гарсан бол нас барсан 28 хүний цогцсыг хүлээлгэж өгөхөө мэдэгджээ. Харин Израил 250 орчим палестин хоригдол болон Газын зурвасаас авчирч саатуулсан 1,700 хүнийг суллахаа мэдэгдсэн байна. Хамас бүлэглэлийн барьцаалсан хүмүүс Израилын нутаг дэвсгэрт хүрмэгц Палестины барьцааны хүмүүсийг суллана гэж Израилын Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.
BBC-гийн сэтгүүлч гал зогсоох хэлэлцээр үргэлжлэх эсэхийг асуухад Доналд Трамп “Тийм ээ, бүгд л сэтгэл хангалуун байна. Энэ байдал хэвээр үлдэнэ гэж бодож байна” гэж хариулсан байна.
Эх сурвалж: BBC