Нүүрс тойрсон нууц ба ил баримт


Олон нийтэд ил болгохоор Засгийн газраас 2025.10.09-нд шийдвэрлэсэн нууц гэрээнүүдтэй монголчууд танилцаад ойрдоо завгүй байна. Нууц гэсэн дардас дарж, нууцалсан гэрээн доторх нууцууд “Бодь-Интернэшнл” компанитай холбогджээ.  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2020-2022 онд аж ахуйн нэгжүүдтэй нүүрстэй холбоотой 40 гэрээ байгуулсан байв. Үүний 35-ыг нь “Бодь интернэшнл” компанитай хийжээ.

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ТӨМӨР ЗАМ ба НҮҮРС

“Бодь-Интернэшнл” бол “Бодь групп”-ийн 1 л компани. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019.11.13-нд “Бодь-Интернэшнл” ХХК-тай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийн хүрээнд 15 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулжээ. Эл гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төлөөлж тухайн үеийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Бодь-Интернэшнл” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал А.Амундра нар гарын үсэг зурсан байв. Тэд 2020-2024 онд 682 сая ам.долларын үнэ бүхий нүүрс нийлүүлэхээр болж, тонныг нь 60 ам.доллароор тохирчээ. Үүгээр бол жилд 136 сая ам.долларын нүүрс гэсэн үг.

Уг гэрээнд эхлээд 2019.12.19-нд өөрчлөлт оруулж, 2024 онд нийлүүлэх нүүрсний хуваарь, хэмжээг өөрчилсөн байна. Тухайн онд 136 сая ам.долларын нүүрс нийлүүлэх байсныг 46 сая тонн болгожээ.

2020.06.10-нд дараагийн өөрчлөлтөө гэрээнд оруулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-д тусгасан нэмэлт ажилтай холбогдуулан, 214 сая ам.доллар нэмжээ. Уг ажилд анх 1 тэрбум 68 сая ам.доллар шаардлагатай байсан бол 214 сая ам.доллароор нэмэгдэж, 1 тэрбум 282 сая ам.доллар болсон юм байна. Анх 682 сая ам.долларын үнэ бүхий нүүрс нийлүүлэхээр байгуулсан гэрээний дүн 896 сая ам.доллар болж нэмэгдсэн гэсэн үг.

3 дахь удаад 2020.09.02-нд уг гэрээг өөрчилсөн аж. Энэ удаад нүүрсний үнийг нэмжээ. Анх тонныг нь 60.0 ам.доллароор тооцсон нүүрсээ үүгээр 60.57 ам.доллар болгожээ.

Р.Даваадорж: 833 сая доллар сох дутжээ. Энэ бол 3 их наяд орчим төгрөг. Ийм их мөнгө 1 компаниар ороод байхгүй болно гэж байж боломгүй явдал

Энэ талаар эдийн засагч Р.Даваадорж “Би “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа эзэмшигчийн хувьд Нийт 31 гэрээ байна. Үнээс 1-ийг нь ярья. 6 саяыг 60 доллароор нийлүүлэх хатуу гэрээ хийгээд, 3 саяыг гаргасан байна. Тухайн үедээ 186 сая 499 мянган долларын нүүрс зарсан гэсэн байна. Үүнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцвол 590 сая 564 мянган долларын нүүрс заржээ. Зөрүү нь 404 сая 65 мянга, ганцхан гэрээнээс.

“Бодь групп”-т яагаад 31 гэрээ байгуулах эрх өгөөд, тэрийгээ нууцлав аа. 19 сая 700 мянган тн нүүрс борлуулах эрх өгсөн байна. Үүнээс 7 саяыг нь энэ нөхөд гаргаад зарчихсан байна. Гэрээнийх нь бага үнээр бодохоор 457 сая доллар зарсан гэдэг мэдээллийг бидэнд өгч байгаа. Миний тооцсоноор бол 1.3 тэрбум доллар буюу 833 сая доллар сох дутжээ. 833 сая доллар гэдэг бол 3 их наяд орчим төгрөг. Ийм их мөнгө татвараас зугтсан байна. Ард түмний амьдралд хэрэгтэй ийм их мөнгө зөвхөн 1 компаниар ороод байхгүй болно гэж байж боломгүй явдал. Нүүрсний хулгай гэдэг зүйл чинь ингээд төрийн нууцаар дамжаад явагдаж байжээ” гэсэн мэдээллийг олон нийттэй хуваалцлаа.

БОГДХАН ТӨМӨР ЗАМ ба НҮҮРС

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь-Интернэшнл” ХХК хоорондоо байгуулсан гэрээний 1 нь Богдхан төмөр замын төсөлтэй холбоотой. Мааньт өртөөнөөс салаа төмөр зам тавьж, Хөшигийн хөндийн онгоцны буудлаар дайран, Богдхан уулын урдуур тойруулж, Рашаант өртөө хүртэл 144.9 км төмөр зам тавина. 2022 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 233.6 км төмөр зам тавьсан туршлагатай учраас уг гэрээг тус компанитай байгуулсан байж болох талтай. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг тавих гүйцэтгэгчээр тодорсон шигээ Богдхан төмөр замын төслийн төмөр зам тавих ажлыг энэ компани авчихсан байсан гэдэг.

2022.06.27-нд байгуулсан эл гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Бодь-Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нар гарын үсэг зуржээ. Төмөр зам тавихад шаардлагатай 734 сая 619 мянган ам.долларын оронд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг “Бодь-Интернэшнл” ХХК-д өгөхөөр энэ гэрээг байгуулсан байв.

2022.12.22-нд Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурлаар Богдхан төмөр замтай холбоотой бүх гэрээг түдгэлзүүлжээ. 4 өртөө, 6 зөрлөгтэй, 3-р зэрэглэлийн төмөр зам тавих 1 тэрбум 404.8 сая ам.доллар шаардлагатай төсөл гэж Богдхан төмөр замын төслийн талаар 2023.12.21-нд “Нүүрсний сонсгол”-оор танилцуулсан.

Шинжээч: “Эрдэнэс Тавантолгой” гэрээний төлбөрт 43 тэрбум төгрөг, нүүрсээр 88.2 тэрбум төгрөг, нийт 131.2 тэрбум төгрөг “Бодь-Интернэшнл” ХХК-д төлжээ

Шинжээч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт олгосон. Энэ хүрээнд эстакадан гүүр, тунел барихад шаардагдах 734 сая ам.долларыг нүүрс урьдчилан борлуулах болон бусад хэлбэрээр санхүүжүүлэхээр гурван талд гэрээ байгуулах эрх олгожээ. Ингээд 2022.06.27-нд гурван талт гэрээ байгуулсан бол мөн энэ өдөр нүүрс нийлүүлэх гэрээ хийжээ. “Эрдэнэс Тавантолгой” болон “Бодь -Интернэшнл” ХХК хооронд байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш хамгийн багадаа 5 жил, түүнээс дээш хугацаагаар үргэлжлэхээр зааж өгсөн. Хэрвээ нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортлох тохиолдолд нэг тонн нь 113.46 ам.доллар, Замын-Үүд-Эрээн боомтоор экспортолвол  нэг тонн нь 114.56 ам.доллар байхаар гэрээнд тусгажээ. Гэрээний дүн 734.6 сая ам.доллароор илүүгүй байна.

2022 оны 8-р сараас 2027 оны 7-р сар хүртэл сар бүр ижил хэмжээтэй буюу 12.24 сая ам.долларын нүүрс нийлүүлэхээр гэрээнд тусгажээ. Одоогоор ямар нэгэн гүйцэтгэл байхгүй. “Эрдэнэс Тавантолгой” гэрээний төлбөрт 43 тэрбум төгрөг, нүүрсээр 88.2 тэрбум төгрөг, нийт 131.2 тэрбум төгрөг “Бодь-Интернэшнл” ХХК-д төлжээ. Дээр нь 13%-ийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Энэ үнийн хөнгөлөлтөөр “Эрдэнэс Тавантолгой” 4 сая ам.долларын алдагдал хүлээжээ” гэж дүгнэсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболд “Энэ маш том төсөл. 1 тэрбум 404 сая ам.долларын гэрээ. Үүнээс 734 сая ам.долларыг “Бодь Интернэшнл”-тэй, 660 орчим сая ам.доллар нь ЗХЖШ, “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хийсэн байна. Энэ компаниудтай гэрээ хийх саналыг хэн тавьсан бэ. Өөр компаниуд үүнд орох боломж олгож, ядаж үнийн санал авсан уу. Энэ 43 тэрбум төгрөг ЗХЖШ, УБТЗ-д  өгсөн мөнгө. Энэ мөнгөөр юу хийсэн бэ? “Бодь-Интернэшнл”-д өгсөн нь 88.2 тэрбум. 13% хөнгөлөлттэй. Та нар цаашаа хэдийг нэмээд зарсныг бид мэдэх боломжгүй. Энэ агуулгаараа бид эдний гэрээг үзэх ёстой. “Бодь-Интернэшн”л 88.2 тэрбумдаа нөгөө ТЭЗҮ л өгөх юм байна. 4000 хуудас цаас өгөх юм байна. “Танай өгсөн 88.2 тэрбумд бид ийм цаас үйлдвэрлэсэн” гээд л хаах юм байна” гэсэн бол

“Бодь-Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа “Нүүрс нийлүүлэх гэрээний хувьд 26 сая ам.долларын нүүрс авсан. Ажил зогсоох мэдэгдэл хүлээн авснаас хойш нүүрс нийлүүлэлт зогссон. 13%-ийн хөнгөлөлттэй нүүрс авсан гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Бусад ижил төстэй төслүүдийн санхүүжүүлэгч нартай ижилхэн үнээр суурь үнийг тогтоож авч байгаа” хариулсан юм.

Б.Долгормаа: Нүүрс нийлүүлэх гэрээгээр 26 сая ам.долларын нүүрс авсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Ойролцоогоор 2 тэрбум ам.долларын зардал шаардсан төлсөн. Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 52.4 жил гэж байна. Ямар ч үр ашиггүй. Яагаад үр ашиггүй гэрээг санхүүжүүлсэн бэ гээд үзэхээр санхүүжилтийн гэрээ, нүүрс нийлүүлэх гэрээнд хариулт нь гарч ирж байгаа. Маш нууц гээд тэмдэг дарчихсан. Маш нууц гэрээний хүрээнд шууд гэрээ байгуулдаг. 462 тэрбум төгрөгийн авлига харагдаад байна” гэж байлаа. Үр ашиггүй төслийг үр ашигтай болгож, шийдвэр гаргасан хүмүүс нь хэн бэ?” гэж асуусан.

ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Одхүү “Богдхан төмөр зам төслийг хэрэгжүүлэх ҮАБЗ-ийн 1 зөвлөмж, Засгийн газрын 6 тогтоол, 5 тэмдэглэл, Ерөнхий сайдын 1 захирамж, ЗГХЭГ-ын 1 тушаал, сайд нарын хамтарсан 2 тушаал гэх мэт маш олон эрх зүйн бичиг баримт, шийдвэр гарсан байдаг.

ОХУ ТЭЗҮ-г нь судлаад УБТЗ-д ашиггүй, өндөр үнэтэй байна гээд дахин ТЭЗҮ хийх хэрэгтэй гэдэг шийдвэрийг Ерөнхий хорооны хурлаас гаргасан. Үүний дагуу УБТЗ, ОХУ-ын төмөр замын байгууллага ажиллаад Богдхан төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-г хийсэн. Шинэ трансаар эстакадан гүүргүй явахад 720 сая ам.доллар орчмоор барих ажлын хэсгийн дүгнэлт гарсан” гэж тайлбарласан юм.

Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал гадаад руу оргон зугтсан гэдэг шалтгаанаар энэ төслийг санаачилсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Бодь”-ын Д.Баясгалан нарыг шалгах асуудал гацаад байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *