Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө байгуулсан оптейк гэрээг өөрөө хянана гэж байх уу?


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын Нүүрсний гэрээг хянан шалгах түр хороо байгуулах боломжоо УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд алдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.

-Намрын чуулганы хугацаанд гишүүд 2 л түр хороо байгуулах эрх бий. Л.Оюун-Эрдэнэ нарын байгуулсан түр хороо байгуулагдах хурлын тов гарсан байна. Д.Ганбат гишүүн та хоёрын байгуулах Харбины гэрээг шалгах түр хороо бүтэлгүйтчихлээ?

-Д.Ганбат гишүүн бид хоёр түр хороо байгуулах асуудлаар гишүүдээр гарын үсэг зуруулах гээд явахаар зарим гишүүн зурсан боловч зарим нь “Дарамт шахалт ирээд байна” гэдэг шалтгаанаар хойшлуулаад байсан юм. Тэрнээс болоод манай түр хороо байгуулах асуудал жаахан удааширсан. Одоо эргээд бодох нь ээ манай гарын үсэг цуглуулах процессыг удаашруулж байгаад, өөрсдөө түр хороо байгуулах гарын үсгээ цуглуулчхаад, түр хороо байгуулах хүсэлтээ даваа гарагт өгчихсөн байна. Өөрөөр хэлбэл: Монгол Улсад 36 тэрбум төгрөгийн алдагдалтай байж болзошгүй гэрээг хянан шалгах түр хороо байгуулагдах боломжгүй боллоо гэсэн үг.

-Гэхдээ хаврын чуулганаар түр хороогоо байгуулж болно биз дээ?

-Болно. Гэхдээ Харбины хэлэлцээр чинь шинэ хэлэлцээр учраас шинэ тутам байхад нь асуудал байвал хэлэлцээд, алдагдлыг болиулж, нэмж өөрчлөх боломж бүрдэж магадгүй байсан. Нүүрс гэдэг чинь газрын доорх баялаг. Ард түмний өмч. Ард түмэн мэдэх эрхээ эдэлж, нүүрсийг хэдээр зарсныг мэдэх боломж бүрдүүлэх нь чухал.

Ашгүй Ерөнхий сайд нүүрсний гэрээнүүдийг ил болгоно гэж мэдэгдсэн. Гэхдээ Харбины гэрээний нарийн ширийн нь ил болоогүй л байна. Хэзээ ил болгохыг хүлээгээд байж байхаас өөр аргагүй. Уг нь ямааны мах халуун дээрээ гэдэг шиг хэлэлцээрийг шинэ дээр нь хэлэлцээд, ярилцаад асуудал байвал засаж залруулах тал руу нь оруулъя л гэж бодсон юм.

Одоо эмч, багш нар цалингаа нэмүүлье, тэтгэврийнхэн тэтгэврээ нэмүүлье, ажил хаяна гээд 500-600 мянган хүн тэмцээд байдаг. Гэтэл энд хэдэн улстөрч төрийн өндөр дээд сэнтийд суучхаад чухам юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, сав л хийвэл асуудлыг нууцад авчихдаг. Тэр нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй, алдагдалтай байх магадлалтай. Ийм гэрээг нэн яаралтай засаж залруулж, нэн яаралтай арга хэмжээ авъя гэсэн юм. Ийм л бодолтой байсан юм.

Жагсаал булаадгийг би мэднэ л дээ. Түр хороог бас булаачихна гэж санасангүй. Өдийг хүртэл зүтгэж явсан ажлаа булаалгачхаад сандраад явж байна.

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрийнхөө байгуулсан Харбины гэрээг шалгуулахгүйн тулд өрсөөд түр хороо байгууллаа гэж ойлгож болох уу?

-Түр хороо байгуулах боломж ганцхан байсан. Тэрийг л эзэлчихлээ. Үүнээс болж, бидний хянан шалгах гээд байгаа асуудал хойшоо шидэгдэнэ гэсэн үг. Үүнд хамгийн логикгүй зүйл байгаа нь өөрийнхөө байгуулсан хэдэн тэрбум долларын оптейк гэрээнүүдийг өөрөө шалгана гэж байх уу? гэдэг зарчмын асуудал үүсээд байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *