“Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал хаана явна вэ? Түүний араас хөөцөлдөж, эрж сураглаж байгаа цагдаа манай улсад байна уу?
Засгийн газар авлигатай тэмцэх 5Ш ажиллагаа гэх сүржин зүйл санаачлаад, хэдэн сар хэрэгжүүлээд, мартав. “Шувуу” ажиллагаагаар анх ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас албадан авчирсан ч гэм бурууг нь дэнслэх нь байтугай тусгай хамгаалалт дор асарч тэнхрүүлээд, төрийн албан тушаалтнууд эргэж тойрдог болсон гэдэг. Монголоос оргож Филиппинд очоод тэр хүн яадгаа алдан зүдэрсэн тул “Шувуу” ажиллагаагаар шүүрч ирсэн дүр эсгээд, асарч тойлж байгаа сурагтай. Олны үг ортой гэдэг.
“Шувуу” ажиллагаагаар баригдаж ирсэн шувуу Т.Бадамжунайгаас өөр алга. Баригдаж ирлээ ч торонд ордоггүй л юм байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавихдаа Засгийн газар “Бодь-Интернэшнл” компаниар гүйцэтгүүлж, төлбөрт нь нүүрс өгөх гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2019.11.13-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Бодь-Интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амундра нар гарын үсэг зурсан байв. Тэд 2020-2024 онд 682 сая ам.долларын үнэ бүхий нүүрс нийлүүлэхээр болж, тонныг нь 60 ам.доллароор тохирсон ч 2020.06.10-нд уг гэрээнд өөрчлөлт оруулж, 896 сая ам.долларын нүүрс өгөх болгожээ.
Үүнээс 3 сарын дараа Б.Ганхуяг 2020.09.09-нд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Н.Удаанжаргал 2021.06.05–нд Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж, Ерөнхийлөгч Х.Баттулгаар энгэрээ цоолууллаа. Төмөр замаа тавьж дуусаагүй байхад шүү дээ.
“Шувуу” ажиллагаагаар баригдаж ирсэн шувуу Т.Бадамжунайгаас өөр алга. Баригдаж ирлээ ч торонд ордоггүй л юм байна
2022.09.09-нд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Бодь-Интернэшнл” компанийн эзэн Д.Баясгалан нар оролцов. Үүнээс 11 хоногийн дараа Н.Удаанжаргал эрүүл мэндийн гэх шалтгаанаар 2022.09.20-нд БНСУ явжээ. Араас нь 10-р сард тус компанийн инженер техникийн ажилтнууд очиж, БНСУ-ын Сөүл хотод “Korea national railway”, “Koreal” компанитай танилцсан байна. Үүний дараа “Тавантолгой төмөр зам” компанийн инженерүүд эх орондоо буцаж ирсэн бол Н.Удаанжаргал тэндээс өөр улс руу явж, сураг алдарчээ. АНУ явсан гэх сураг л гарсан. Түүний 700 мянган ам.долларын хадгаламж, 5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг АТГ битүүмжлэн, эрүүгийн хэрэг үүсгэсэн ч хадгаламжийнх нь хүү өсөж, хаус нь элэгдэлд орж, хавтаст хэрэг нь тоосонд дарагдах шив.
Авлигатай тэмцэх газар 2022.11.16-нд нүүрсний хэргээр 24 объект нэгжиж, 33 хүнийг саатуулан байцаажээ. Энэ хоорондох хугацааг сайн анзаараарай. Ийм баривчилгаа явуулах гэж байгааг бараг 2 сарын өмнө Н.Удаанжаргал мэдэж, оргон зайлсан байгаа юм. Баривчилгаанаас өмнө сэм шалгаж, баримт цуглуулж байгааг мэдсэн гэсэн үг. Маш их мөнгөтэй, асар сайн мэдээлэлтэй хүн л ингэж чадна.
АТГ 2022.11.16-нд “Н.Удаанжаргал гадаадад байгаа. Гэлээ ч мөрдөн шалгах ажиллагааны зарчим тасралтгүй явах ёстой” гэсэн бол 2023.02.28-нд “Н.Удаанжаргалыг яллагдагчаар татсан. Эх оронд нь буцаан авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа” гэсэн юм. Түүнийг мөрдөн байцаалтаас оргосныг 5 сарын дараа 2023.03.07-нд албан ёсоор Дэлхий даяар зарлаж, гадаад паспортыг нь хүчингүй болгон, Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Гадаад явсан нь тодорхой, эргэж ирэхгүй нь илэрхий байхад яагаад ч юм бэ АТГ ийн 5 сар түүнийг хүлээж, онгоц харуулдсан юм даг.
Түүнд аз дайрдаг уу, эз мэдээлдэг үү, Н.Удаанжаргал баригдалгүй 3 жил гадаадаар нисэж явна
Ингээд 5 сарын дараа эхлүүлсэн “Шувуу” ажиллагаагаар түүнийг Аргентинд бүгж байгааг 2023 оны 4-р сарын эхээр тогтоосон ч тус улсын цагдаагийн байгууллагатай хэлэлцээ хийж байх зуурт нь Н.Удаанжаргал тэндээс зугтан, Тайланд явсан байв. Тэрээр нэг найзтайгаа хамт яваа агаад түүний ээжийн карт, дансаар Монголоос мөнгө хүлээж авдаг нь илэрсэн юм. Зугтаж яваа маршрут нь хүртэл ил. Гэсэн ч түүнд аз дайрдаг уу, эз мэдээлдэг үү, Н.Удаанжаргал баригдалгүй 3 жил гадаадаар нисэж явна.
Энэ хооронд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг 2022.12.07-нд баривчлан, ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид хүргэж, бүтэн жил гаруй хорьж шалгаад, 2024.01.30-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх 5.9 жил хорих ял оноолоо. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд 3 жил хорих оноож, нийтийн албанд 5 жил ажиллах эрхийг нь хасав. Давж заалдах шатны шүүх Т.Аюурсайханы хорих ялыг 2 жил 6 сар болгосон бол Б.Ганхуягийн хорих ялыг 3.9 жил болгож, багасгасан. “Нүүрсний” гэх энэ хэрэгт холбогдсон 11 хүн Улсын дээд шүүхэд хандсан ч хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс УДШ 2025.01.03-нд татгалзсанаар энэ хэрэг дуусаад байна.
Б.Ганхуяг: Миний бие тэсрэх бөмбөг мэт Ерөнхий сайд хүртэл айж цочсон байдаг юм
Шүүхээр хэлэлцсэн баримт, үйлдэл дунд нүүрстэй холбоотой зүйл өчүүхэн ч байгаагүйг шүүгч онцолсон нь анхаарал татдаг. УИХ-ын “Нүүрсний сонсгол”-д Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг гэрчээр оруулах гэж С.Ганбаатар тэргүүтэй улстөрчид, олон нийт шаардсан ч хүчин мөхөсдсөн. Энэ талаар Б.Ганхуяг “Миний бие тэсрэх бөмбөг мэт Ерөнхий сайд хүртэл айж цочсон байдаг юм” хэмээн шоронгоос бичсэн захидалдаа онцолжээ. Н.Удаанжаргал уг сонсголд цахимаар оролцох боломжтой гэдгээ илэрхийлсэн ч яагаад ч юм больсон. Болиулсан ч байж болох л доо.
Ийн эл хэрэг эцэстээ нүүрстэй хамааралгүй, авлига, албан тушаалын хэрэг болж дууссан. Авлига нь нүүрстэй холбоотой байсан баймаар. Гэвч “Нүүрсний хэрэг” ийм юм болж, Н.Удаанжаргал гэх шувуу гадаадаар чөлөөтэй нисэж явна. Одоо Богдхан төмөр замтай холбоотой нүүрсний асуудлыг шалгах ёстой ч Н.Удаанжаргал байхгүй гэдэг шалтгаанаар хөдлөхгүй байгаа.
“Богд хан төмөр зам 12-13 км туннелтэй байх юм. Тавантолгой-Зүүнбаян төслийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн цэвэр ашгаас санхүүжүүлсэн бол Тавантолгой-Гашуунсухайт төсөл дээр улсын төсөв, төрөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр санхүүгийн тусгай схем боловсруулж хэрэгжүүлсэн. Газар доорх байгалийн баялгаас буюу төмөр зам ашиглах явцад төлбөрөө төлж барагдуулна. Энэ төслийн хөрөнгө болох 1 тэрбум ам.долларыг босгосон онцлогтой” гэж Хөдөлмөрийн баатар цол аваад Н.Удаанжаргал ярилцлага өгч байлаа. Тэр схемийг нь тайлбарлуулмаар байна. Н.Удаанжаргалыг Монголд авчралгүй, гадаадад удаан жаргаах хүсэл маш их эрх мэдэлтэй хэсэг хүнд байх шиг.