Х.Булгантуяа: Я.Содбаатар гэдэг хүнийг бага хурлаас хойш хараагүй


МАН-ын даргын төлөөх зодоон төрийн институт хоорондын зөрчил үүсгээд гурав дахь 7 хоногтойгоо золгож байна. Эрх баригч намаас сонгогдож, улс төрд орж ирсэн парламентын гишүүд хоёр хуваагдаж, төрийн ажил үндсэндээ гацаанд ороод байгаа юм. Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан цагтаа хуралдахгүй цуцлагдах олон тохиолдол гараад байгаагаас гадна МАН-ын бүлэг болоод тус намын Удирдах зөвлөл ч хуралдахгүй гацааны байдалд байна. Тэгвэл тус намын Удирдах зөвлөл хуралдаж, асуудал шийдэл ярьж байгаа аж. Энэ талаар тус намын УЗ-ийн гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдах тов байна уу?

-МАН-ын бага хурлаас хойш нэг ч удаа Удирдах зөвлөлийг хуралдуулдаг Я.Содбаатар дарга харагдаагүй. Уг нь ийм эгзэгтэй цаг үед УЗ хамгийн их хуралдах шаардлагатай санагдах юм. Хараад байхад АН-ын Удирдах зөвлөл өөрсдөө хуралдаад зогсохгүй ах нарыгаа хүртэл дуудаж байгаад л өргөтгөсөн хурал хийгээд л улс төрийг хэрхэн маневарлахаа ярилцаад, улс төрийн чиглэлээ гаргаад яваад байх шиг байна.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж чадахгүй байхад их хурлын бүлгийн тэр олон гишүүн хуралдана гэвэл тэрэн шиг бүтэхгүй зүйл байхгүй байх.

-Бүлэг хуралдах чадамжгүй гэж үзээд байгаа юм уу?

-Энэ асуудал дээр бүлгийн дарга хааш нь шийднэ гэх вэ?

-Бүлгийнхээ хурал дээр нүүр нүүрээ харж суугаад, ярилцаад шийдвэл зүгээр юм биш үү?

-Одоо бүлэг бараг л тэг дундуураа хуваагдчхаад байна шүү дээ. Энэ асуудалд хувь хүний үзэл санаа яриад хэрэггүй гэж бодож байна. Аль аль нь УИХ-ын гишүүдийн кнопны асуудал ч гэлээ манай намаас томилогдсон улс төрийн том албан тушаалтнууд.

Тэр бүү хэл аймгийн ИТХ-ын дарга, засаг даргыг хурал нь томилдог ч аймгийн намын удирдах зөвлөл хэлэлцэж шийддэг шүү дээ. Яагаад вэ гэхээр тэр хүн хувь гэхээсээ илүү улс төрийн намаас томилогдож, тэнд ажиллаж байгаа. Улс төрийн нам тухайн хүнд хариуцлага хүлээлгэдэг. “Манай нам яллаа. Та манай намын өмнөөс Ерөнхий сайд бол” хэмээн томилдог. Нөгөө талаар парламентад манай нам хамгийн олон суудал авлаа гэхэд хурлын даргад энэ хүнийг дэвшүүлж байна хэмээн томилдог.

Аль аль нь намаас томилогдсон, хариуцлагатай албан тушаалтнууд. Бүлэг дээр хоорондоо хэмх үзэлцээд, шийдвэрт хүрнэ гэж хаяж болохгүй байх гэж бодож байна. АН ийм хариуцлагатай байхад МАН ингээд байж болохгүй.

-МАН-ын энэ асуудлаас болоод төсөв батлах хугацаа алдаж байна?

-Түрүү жилийн өдий үеийг санавал сонгууль болох гээд гишүүдийн ирц бүрдэхгүй л байсан шүү дээ. Гэхдээ л цаг хугацаандаа төсвөө шахаад баталсан. Өнгөрсөн баасан гарагт төсвийн хэлэлцүүлэг өрнөж байхад 2 асуудал үүссэн. АН төсвийг буцаа гээд байсан. Гэтэл тэр 3 хоногт нь бараг засаг нь тарчих гээд байгаа юм шиг нөхцөл байдал үүсээд байсан шүү дээ. Тиймээс Төсвийн байнгын хорооны дарга өөрөө төсвийн төслийг хойшлуулъя гэдэг санал гаргаж, хойшлуулсан юм. 2016 оноос хойших гэж бодвол бидний хэлэлцэн батлах 19 дэх төсөв. Тиймээс төсөв хугацаандаа батлагдана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Өнөөдөр танай намын Удирдах зөвлөл хуралдах нь уу?

-Одоогоор сураг алга байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *