Цэргийн албанд татагдаад онгоц, нисдэг тэрэгний механикч болно


2024 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн түрүүч, байлдагч нарт цэргийн мэргэжил олгох сургалтыг Агаарын цэргийн Ахлагчийн хөгжлийн төвөөс 30 гаруй жилийн дараа анх удаа амжилттай явууллаа.

Хугацаат албаны дайчид ахлагчийн албанд элсэх хүсэлтээ илэрхийлсний дагуу Зэвсэгт хүчний 303, 337, 353 дугаар ангиудын материаллаг баазыг түшиглэн, РЛС-ын оператор-планшетчин, радиотелеграфчин, онгоц нисдэг тэрэгний механикч мэргэжил олгох сургалтыг зохион байгуулжээ. Амжилттай хамрагдсан дайчдад Мэргэжлийн батламж гардуулав.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй төгсөгч нарт баяр хүргэж хэлсэн үгэндээ “Агаарын цэргийн мэргэжлийг сонгон суралцаж, Агаарын цэргийн ахлагчийн албанд дэвшин орох болзол хангасан та бүхнээрээ бахархаж байна. Агаарын цэргийн харьяа ангиуд 1992 онд сүүлийн хугацаат албаны түрүүч, байлдагч нараа халснаас хойш анх удаа Та бүхнийг хүлээн авч цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулснаараа энэ удаагийн сургалт онцлог боллоо.

Эх орныхоо дуудлагаар эр цэргийн албанд татагдан ирж, албаа нэр төртэй хаахын зэрэгцээ Агаарын цэргийн мэргэжил амжилттай эзэмшсэнд баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Агаарын цэргийн тэнгэрийн өнгөтэй хөх малгайг мөнхөд тэргүүндээ залж яваарай” хэмээв.

Ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа Б.Мөнх-Ирээдүй, цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхзоргол, Агаарын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Н.Баттөмөр нар болон Агаарын цэргийн командлалын бүтцийн нэгжийн дарга, харьяа ангиудын захирагч нар, сургалтын төвийн удирдлага, сургалтад хамрагдсан хугацаат цэргийн алба хаагчид оролцлоо.

Тус сургалтын хугацаанд бусдыгаа манлайлан РЛС-ын оператор-планшетчин мэргэжлээр суралцсан байлдагч Т.Балжинням (Зэвсэгт хүчний 256 дугаар анги), радиотелеграфчин мэргэжлээр суралцсан байлдагч Л.Гэрэлпунцаг (Зэвсэгт хүчний 340 дүгээр анги), онгоц нисдэг тэрэгний механикч мэргэжлээр суралцсан байлдагч Г.Нямсүрэн (Зэвсэгт хүчний 336 дугаар анги), “Шилдгийн шилдэг суралцагч”-аар дэд түрүүч Я.Баасанпүрэв нарт Агаарын цэргийн командлалын хэлтсийн дарга нарын нэрэмжит шагнал мөн гардуулжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *