Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өчигдөр хуралдан, Э.Солонго, Э.Болорчулуун, Ж.Бодьсад нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогдсон юм.
ТОСК, НОСК-ын нэр барьж иргэдээс 6 тэрбум гаруй төгрөг луйвардсан тэдний хэргийг Мөрдөн байцаах алба шалгаж, шүүхэд шилжүүлсэн. Тэд өөрсдийгөө НОСК-ын ажилтан, МАН-ын орон тооны бус Санхүүгийн албаны дарга хэмээн бусдад итгүүлж, 100-гаад иргэнээс байрны урьдчилгаа хэмээн нийт 6 тэрбум орчим төгрөг залилсан байна. Ингэхдээ тэд “МАН-ын сонгуулийн хандивт орж ирсэн ТОСК, НОСК-ын квотын байруудыг түрээслээд өмчлөх хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур зарж, намдаа санхүүжилт босгох гэж байгаа. Зайсан орчмын өндөр үнэтэй орон сууцнуудаас 1 ам метрийг нь 1.1 сая төгрөгөөр нууц гэрээгээр борлуулж байна” хэмээн хэлжээ. Үүнд нь итгэсэн хүмүүс байрны урьдчилгаа болгон, мөнгөө өгсөн байдаг.
УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хурлаар шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хохирогчид, тэдний өмгөөлөгчийн гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Тиймээс энэ хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа.