МАН-ын даргын сонгуулиас хойш хоёр тийшээ харж суусан Ерөнхий сайд, УИХ-ын даргын асуудлыг хэрхэн шийдэх шийдлээ МАН олоогүй байна. Намын удирдах зөвлөлөөс ямар нэгэн шийдэл гарна гэдэг хүлээлт парламентад байгаа гишүүдэд нь байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараас тодрууллаа.
-МАН-ын удирдах зөвлөл яагаад хуралдаж гацаанд ороод байгаа асуудлуудаа шийдэхгүй байна вэ?
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар намын удирдах зөвлөл хуралдаж болдоггүй. МАН-ын бага хурал буюу төлөөллийн төв байгууллага гэж бий. Энэ төв байгууллага Ерөнхий сайдыг сонгож томилдог. Бага хурлаасаа удирдах зөвлөл сонгогддог. Бага хурлаасаа Ерөнхий нарийн бичгийн дарга мөн сонгогддог. Өөрөөр хэлбэл өөрсдийг нь сонгосон төв байгууллагынхаа гаргасан шийдвэрийг удирдах зөвлөл хэлэлцэж зөв буруу гэж дүгнэлт хийж болдоггүй. Тийм ч учраас Ерөнхий сайдыг огцруулъя гэдэг асуудал яригдаж байхад намын удирдах зөвлөл ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Тийм ч учраас удирдах зөвлөл ерөнхий сайдын асуудлаар хуралдахгүй. Хуралдвал намын дүрмийн зөрчил болно. Нөгөөтэйгүүр УИХ-ын бүлэг удирдах зөвлөлөөс чиг авч хуралддаг гэсэн заалт байхгүй. УИХ-ын тухай хуульд хүртэл намын бүлэг намын бага хурал, удирдах зөвлөл гээд улс төрийн хүрээнээс хараат бусаар хуралдах ёстойг зааж өгсөн байдаг. Намын ажил намын ажлаараа, төрийн ажил төрийн ажлаараа явах ёстой. Намын бүлэг хуралдаж, УИХ-аар хэлэлцэж байгаа улс орны чухал асуудлуудаараа тодорхой шийдвэр гаргах нь бүлгийн үүрэг. Харин МАН-ын удирдах зөвлөлд хуралдах цаг үеийн асуудлууд бий. Тэдгээр асуудлуудаараа удахгүй хуралдана.
-МАН-ын гишүүд хоорондоо хуваагдаж хоёр талд УИХ-ын даргыг огцруулах бичиг, Ерөнхий сайдыг огцруулах бичиг санаачилж хэлэлцүүлж эхэлсэн. Энэ хагарлын асуудалд МАН-ын удирдах зөвлөл анхаарал хандуулахгүй юу?
-Манай намын гишүүд хагарсан зүйл байхгүй. Бид ээлжит 31-р их хурлаа хийхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Аймаг орон нутгийн намын үйл ажиллагаа хэвийн байгаа. Парламентад байгаа 68 гишүүний хувьд УИХ-ын даргыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулах асуудлуудад тодорхой санал зөрөлдөж байгаа зүйлүүд байна. Улс эх орны нийтлэг эрх ашиг, намын эрх ашгийн төлөө бүлгийн хурал дээрээ уулзаж асуудлаа шийдэх учиртай.
-МАН-ын хяналтын Ерөнхий хорооноос Б.Энхбаяр гишүүнийг хөөнө гэдэг шийдвэр гаргасан байна лээ. Энэ шийдвэрт Удирдах зөвлөл оролцсон уу?
-Хяналтын ерөнхий хороог энэ шийдвэрээ эргэн хараач гээд хэсэг гишүүд хандсан байна лээ. Би хяналтын ерөнхий хорооны өмнөөс хариулт өгөх боломжгүй. Хяналтын ерөнхий хороог МАН-ын их хурлаас томилдог. Бид намын ажил хийсэн ч төрийн ажил хийсэн ч дүрэм журмаар нь ажиллах ёстой.
-Тэгэхээр Б.Энхбаяр гишүүнийг МАН-аас хөөх асуудлыг эргэн харна гэсэн үг үү?
-Харах байх гэж бодож байна. Гэхдээ би тэр асуудалд тайлбар өгч болдоггүй юм.
-Бага хурлаас сонгогдсон МАН-ын даргыг Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн үү?
-Өгөөгүй байна. Хуулиар 60 хоногийн дотор бүртгүүлдэг.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.