Ховд аймгийн Буянт, Дарви, Чандмань, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн сумын нийт сургууль, цэцэрлэг, дотуур байр нийлсэн 21 обьекттой Боловсролын ерөнхий газар танилцлаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөрөнгөөр эдгээр суманд байгуулсан ариун цэврийн өрөөг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулжээ.
Дарви сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг нийт 5 объектыг “Ховд шинэ асар” ХХК ариун цэврийн өрөөтэй болгож, 2023 онд улсын комисст хүлээлгэн өгсөн аж. Ариун цэврийн өрөөний сантехник, шугам сүлжээ, тоног төхөөрөмж эвдрээгүй, хэвийн ажиллаж байв.

Гэвч тус сумын сургууль ариун цэврийн өрөөгөө байнга ашиглахгүй, цагийн хуваарьт оруулжээ. Сурагчид сургууль доторх жорлонгоо ашиглаж чадахгүй, гаднах нүхэн жорлонд бие засаж байна.
Инженерийн шийдэлтэй жорлонтой болоод 2 жил болж байгаа атлаа нүхэн жорлонгоо нураалгүй, сурагчдыг ариун цэврийн шаардлага хангахгүй, хүйтэн, бохир жорлонд бие засуулж байжээ. Иймд уг зөрчлийг яаралтай арилгах, ариун цэврийн орчин үеийн байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглах, нүхэн жорлонгоо нураах чиглэлийг БЕГ-аас тус сургуулийн захиралд өглөө.

