Дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцагчдын 97% нь зээлээ хугацаанд нь төлж байна


Боловсролын зээлийн сан (БЗС)-гаас зээл авч, гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцагчдын мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн санд оруулжээ. Энэ талаарх мэдээллийг зээлдэгч нарт БЗС-гаас явуулж буй тухай Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулав.

Дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцагчдын 97 хувь нь зээлээ хугацаанд нь төлж байгаа аж. БЗС-д жилд 250 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байна. Үүний 33 тэрбумыг П.Наранбаяр сайд зээлдэгч нараас олох ёстой юм байна. Энэ сарын байдлаар зээлдэгчид 10 тэрбум төгрөгийн зээлээ эргүүлэн төлжээ.

Энэ оны 8 дугаар сарын байдлаар БЗС-д 13.3 тэрбум төгрөгийн зээл эргүүлэн төлөөд байна. Үүний 2.5 тэрбум нь дотоодын хөнгөлөлттэй зээл, 8.4 тэрбум нь оюутны хөгжлийн дотоод зээл, 2.6 тэрбум нь гадаадад суралцагчдад олгосон зээл. Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгож буй БЗС-гийн санхүүжилтийн харьцаа 70:30 байна.

БЗС-гаас зээл авсан оюутан сургуулиа төгсөж ирээд орон нутагт 3 жил, нийслэлд 5 жил ажиллах журамтайг Боловсролын яамны мэргэжилтэн Д.Ганцэцэг байнгын хороонд танилцууллаа. Гэрээгээ зөрчвөл олгосон зээлээ бүгдийг нь буцаан төлүүлэх ажиллагаа явуулдаг.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “БЗС-гаас нэг гэр бүлийн хүмүүс, ах дүү, хамаатан саднаараа зээл авчихсан байгаа нь шууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласантай хамааралтай. Зээлээ төлөөгүй хүмүүсээс тухайн үеийн ханшаар тооцож төлбөр нэхэмжлэх, зээлээ төлсөн байсан ч зээлийг урт хугацаанд заавал буцааж төлүүлдэг байх нь зүйтэй” гэсэн юм. 2025 онд шинэчилсэн Дээд боловсролын санхүүжилтийн журмаар зээл эргүүлэн төлөх хугацаа 10 жил байсныг 20 жил болгож уртасгажээ. Нэг гэр бүлийн 1-ээс олон хүүхэд БЗС-гаас зээл авч болохгүй гэсэн зарчим хэрэгжүүлбэл хүний эрхийн зөрчил үүснэ гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс анхааруулсан гэнэ.

Энэ онд хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн БЗС-д хүсэлт ирүүлжээ. Тэдний 4 нь шалгуурт тэнцэж, сургалтын зээл авсан байна. Шалгуур, шаардлага хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хяналтын тоо, хязгаарлалт тогтоохгүйгээр зээл олгож байгаа аж.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *