УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гэж багагүй мэдэлтэй бүтэц байдгийг олон нийт сая л анзаарлаа. Анзаарах болсон шалтгаан нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын албан тушаалын төлөөх тэмцлээс улбаатай.
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох тухайгаа 2025.09.30-ны мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлээд, Ерөнхийлөгчид танилцуулсан бол УИХ-д одоо болтол танилцуулж чадаагүй явна. “УИХ-ын энэ 7 хоногт хийх ажлын хуваарийг баталчихсан. Өөрчлөх боломжгүй” гээд хүлээж авалгүй, 7 хоног хүлээхэд хүргэсэн юм. Ингээд дараагийн 7 хоногийнх нь баасан гарагт буюу 2025.10.10-нд УИХ-ын чуулганаар сонсохоор төлөвлөсөн ч “Ерөнхий сайдыг огцруулбал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Хэрэв Засгийн газар огцорвол ХЗДХ-ийн сайдыг солих асуудал яригдахгүй. Огцрохгүй бол ХЗДХ-ийн сайдын танилцуулгыг сонсоно” хэмээн 2025.10.17-нд болгож, дахин хойшлуулаад байна.
Хууль тогтоох үүрэгтэй Монголын парламент яг үнэндээ хувь хүнд үйлчилдэг байгууллага болоод хувирчихлаа. Хувийн нэгэн компанийн ТУЗ талцаж зодолдоод, ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал нэг нэгэнтэйгээ дайсагналцаж байгаа юм шиг л байна. ТУЗ-ын гишүүд нь 2 даргыгаа даган талцаж байлдаад, хувь нийлүүлэгчид нь яахаа мэдэхгүй гайхан харж байгаа мэт болчихлоо.
УИХ-ын даргыг огцруулах бичигт 67 гишүүн, Ерөнхий сайдыг огцруулах бичигт 34 гишүүн гарын үсэг зуржээ. Ерөнхий сайдыг огцруулах бичгийг их хурлын дэд дарга Х.Булгантуяа хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн бол УИХ-ын даргыг огцруулах бичгийг парламентын дэд дарга Б.Пүрэвдоржид гардуулсан ч хэлэлцүүлээгүй байна. Бичгээ эхэлж гардуулсан тал нь асуудлаа УИХ-аар түрүүлж хэлэлцүүлж буй мэт. Гэхдээ цаанаа тэнцвэр алдагдсан, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёул эрхэлж буй ажил, хашиж буй албан тушаалаа тэмцэлдээ ашиглаж байгаа нь илт харагдаж байна.
Ерөнхий сайд, Засгийн газрыг хэрхэн яаж огцруулахыг хуульд тодорхой заасан атлаа спикерийг огцруулахад хугацаа зааж өгөөгүй
Г.Занданшатарыг огцруулах бичгийг 10-р сарын 7-нд өргөн барьж, УИХ-ын ТББХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхэлсэн. Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг 10-р сарын 13-нд өргөн барьсан ч хэлэлцэлгүй 5 хонож байна. Энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцүүлэх асуудлын хуваарьт ч оруулаагүй. “Хэлэлцэх асуудлын хуваарийг хэдийнэ баталсан” гээд Б.Энхбаяртай “танилцах”-аас татгалзсан УИХ Г.Занданшатарыг огцруулах асуудлыг УИХ-ын ажлын хуваарь дайруулан, дундуур нь оруулаад хэлэлцүүлчхэв.
Өөрийнхөө байгуулсан гэрээг өөрөө шалгах эрхийг Л.Оюун-Эрдэнэд өгөв
УИХ-ын гишүүн Ж.Баярмааг Харбины хэлэлцээрийг шалгах түр хороо байгуулах гээд, гарын үсэг цуглуулж явах зуурт Л.Оюун-Эрдэнэ Ухаахудагийг шалгах түр хороо байгуулчхав. Түүнийг нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл чуулганы хуваарьт дор нь оруулж өгөв. Парламент яг ижил нөхцөлд 4 өөр хүнд өөр өөрөөр үйлчилж байна. Дабл стандарт гэдэг чинь энэ биз дээ?
Энэ нь явж явж хууль цоорхой байгаатай холбоотой болж таарав. Ерөнхий сайд, Засгийн газрыг хэрхэн яаж огцруулахыг хуульд тодорхой заасан атлаа спикерийг огцруулахад хугацаа зааж өгөөгүй аж. Үүнийг Д.Амарбаясгалангийн талынхан овжин ашиглаж, Г.Занданшатарыг өрсөж унагаад, өөрөө ард нь үлдэх гэж байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ямар ч мэдэлгүй
УИХ-ын хэлэлцэх асуудлын хуваарийг УИХ-ын дарга гаргадаг. Шийдвэр гаргахдаа дэргэдэх зөвлөлийнхөө саналыг харгалзана. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13.1.3-т “УИХ-ын дарга энэ хуулийн 13.3-т заасан зөвлөлийн саналыг харгалзан, чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтооно” гэж заажээ. Их хурлын даргын дэргэдэх зөвлөл гэдэг чинь нэг их олон хүнтэй бүтэц боловч даргаасаа ихээхэн хамааралтай гэдэг нь одоо өрнөж буй үйл явдлаас илхэн. Парламентаар хэлэлцүүлэх асуудлыг дарга шийддэг нь энэ заалтаас тодхон байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байнгын хорооны дарга нараас гадна УИХ дахь намын бүлгийн дарга, дэд дарга нар багтдаг. УИХ-д суудалтай бөгөөд нам, эвслийн бүлэг байгуулаагүй нам, эвслийг төлөөлж тус бүр 1 гишүүн орно. УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга бас уг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. Нийт 24 гишүүнтэй.
УИХ, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал, дарааллыг энэ зөвлөл тогтоодог. Ингэхдээ нам, эвслийн бүлэг, байнгын хороодын саналыг харгалзана. Улсын Их Хурлын төсөв болон дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэгтэй. Зөвлөлийн хуралд нам, эвслийн бүлгийн дэд дарга таслах эрхгүйгээр оролцоно. Уг зөвлөлийн хуралд холбогдох албан тушаалтныг байлцуулж болно. Тус зөвлөлийн ажиллах журмыг УИХ-ын дарга батална.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн
- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
- УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа
- УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж
- Б.Бейсен Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
- Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны дарга
- Б. Найдалаа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
- О.Номинчимэг Өргөдлийн байнгын хорооны дарга
- Ц.Сандаг-Очир Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- Р.Сэддорж Эдийн засгийн байнгын хорооны дарга
- Г.Тэмүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
- Д.Цогтбаатар Хууль зүйн байнгын хорооны дарга
- МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ
- АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл
- ХҮН-ын дарга Т.Доржханд
- Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр
- ИЗНН-ын дарга Б.Батбаатар
- УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж
Таслах эрхгүй гишүүд
- МАН-ын бүлгийн дэд дарга Э.Болормаа
- МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа
- МАН-ын бүлгийн дэд дарга Д.Алдаржавхлан,
- МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр
- АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин
- АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан
- АН-ын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу