Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрийн талаар сайд нар сэтгүүлчдэд мэдээллээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал:
-Эдийн засаг, хөгжлийн сайдын хувиар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг хуульд заасан хугацаанд нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 5 жилийн үндсэн чиглэлийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоотой боловсруулсан. Салбар бүрт нийт 14 хэлэлцүүлэг өрнүүлж, 644 санал тусгасан. 8 үндсэн чиглэлд төвлөрүүлж, 10 гол үр дүнгийн шалгуур тогтоосон. Үр дүн тус бүрийг хэмжих шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшинг тодорхойлсон. 5 жилийн үндсэн чиглэлд туссан ажлуудад салбарын яам, төр захиргааны байгууллагууд шат шатандаа хувь нэмрээ оруулна. Хэрэгжилтийг хангаж, салбар хоорондын уялдааг зохицуулан, нэгдсэн бодлогоор чиглүүлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна.
2026-2030 он хүртэлх Монгол Улсын 5 жилийн үндсэн чиглэлийг 2025 оны 10 дугаар сарын 31-нээс өмнө УИХ-д өргөн барих ёстой. Энэ утгаараа Монгол Улсын ирэх 5 жилийн үндсэн чиглэлийг 8 бүлэгтэйгээр гүйцэтгэсэн. Үүнийг дагалдуулан УИХ-д хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг өргөн мэдүүлдэг. Нийт 10 үндэсний үзүүлэлт буюу олон улсын индексээ хэрхэн урагшуулах вэ гэдгээ тусгай хэмжүүртэйгээр тавьж өгсөн.
Эцэст нь Эдийн засаг, хөгжлийн яамнаас хуульд заасны дагуу “Монгол Улсын 2026-2030 оны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөл боловсруулсан. Хөтөлбөрт улсын хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, ТЭЗҮ, зураг, төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан. Энэ бүхнийг хуульд заасны дагуу 10 дугаар сард багтаан, УИХ-д өргөн мэдүүлж, 12 дугаар сарын 1-нээс өмнө хэлэлцүүлэн батлуулах юм.
2026 оноос яамдын үйл ажиллагааны үр дүнг хангалттай, хангалтгүй гэж үнэлнэ. Ингэснээр олон форум, арга хэмжээ хийснээ ажлын үр дүн гэж үнэлүүлдэг байдал зогсоно.