Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сургуулийн орчин дахь хяналтгүй хүнс


Хүү хичээлийн үеэр гэнэт ухаан алдаж унан, яаралтай тусламжаар Эх нялхсын төвийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж 7-8 хоног сэрэлгүй сандаргав. Шинжилгээгээр тахиан махны гүн хордлогоос үүдэлтэй зүрхний шигдээс болсон гэж оношлогдов. Хүүгийн аав энэ талаар олон эцэг эх, бас нийгэмд сэрэмжлүүлэг болгон ярьсан юм. Энэ түүх бидэнд үр хүүхдийнхээ идэж уухад анхаарч хариуцлагатай байхыг сануулсан дохио болов. 

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрээсээ иддэг зүйлээр хязгаарлагдахгүй. Сургууль орчмын дэлгүүр, түргэн хоолны цэгүүдэд зарагддаг хүнсний бүтээгдэхүүн тэдний хоолны гол эх үүсвэр болон хувирчээ.

Тэдэнд ямар эрсдэл бий болдог вэ. Бидний мэдэх, чихэрлэг ундаа, транс тос, давс, будагч бодис, амтжуулагч, бүр микробиологийн бохирдолтой хүнс, удаан хугацаанд хортой бодис үүсгэх боломжтой бүтээгдэхүүнүүд бүгд хүүхдийн эрх, эрүүл мэндийн үнэт зүйлсийг зөрчиж байна.

Тэдэнд юу тохиолдож болохыг, ямар эрсдэл байдгийг Монгол Улсын Хүний гавьяат эмч А.Оюунчимэг ярихдаа “Хүнсний аюулгүй байдал маш чухал болсныг сэрэмжлүүлмээр байна. Нэг жишээ хэлэхэд найман настай хүүхэд тахианы маханд хордсон. Тахианы мах бол супер микробтой. Бүр хүнцлийн хордлого болдог аюултай. Тухайн хүүхдэд Sunday plaza-гийн урдаас аав нь тахианы махтай бургер авч өгсөн юм билээ. Тэгээд талыг нь хөргөгчдөө хадгалж байгаад маргааш өглөө нь долоон цагт хичээлдээ явахдаа иджээ.

Хордлогын гол шинж тэмдэг нь “нүдээ улаанаараа эргэтэл” завсаргүй бөөлжиж, шоконд ордог. Тэр хүүхэд яг ингэж орой нь “нүдээ улаанаараа эргэтэл” бөөлжөөд дүүргийн эмнэлэгт очсон байгаа юм. Дүүргээсээ маргааш өглөө нь манай ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт ирсэн. Би тухайн үед жижүүртэй байсан. Тэр хүүхэд маш хүнд шоконд орсон байсан. Зүрхний бичлэг хийхэд зүрхний титэм судас нарийсах буюу том хүнээр бол инфаркт болсон. Эмч нар зөвлөлдөж байгаад тохирох эмчилгээг хийснээр хүүхдийг аварсан. Эндээс харахад тахианы махыг хонуулж идэж болохгүй гэдгийг эцэг эхчүүд, хүүхдүүд ойлгох ёстой. Тахианы мах маш аюултай, үхэлд хүргэнэ. Энд, тэндгүй зарагддаг болсон тахианы махаар хийсэн бэлэн бүтээгдэхүүнд хяналт тавих хэрэгтэй” гэдгийг анхааруулсан.

Хичээлийн их завсарлагааныг зарлан хангинах хонхны дуугаар дунд болон ахлах ангийн сурагчид аль ойрхон хүнсний дэлгүүр рүү гүйн, бэлэн зарагдаж буй тахианы мах, кимбаб, өндөг, удон, хуушуур, пирошки, бэлэн гоймон, чипс, чихэр, печень авч идэн гүйлдэнэ. Тэдэнд үдийн цай гэж байхгүй, бас хүүхэд бүр гэрээсээ хоол бэлдэн ирэх боломжгүй. Тиймээс байгаа мөнгөндөө тааруулж хооллож буй дээрх нийтлэг төрх хэд, хэдэн сургууль дээр ажиглагдсан юм. 

“Бид их завсарлагааны 10 минутдаа багтан дэлгүүр, гудамжинд зардаг догбугги, үдэн, шарсан тахиа, печень, чипс, ундаа, шоколад, резинэн чихэр зэргийг ихэвчлэн худалдан авч иддэг. Хэдий багш нар, аав, ээж маань идэж болохгүй хүнс гэж хориглодог ч бидэнд өөр сонголт байдаггүй. Уг нь сургууль дотроо цайны газраасаа эрүүл ахуйн шаардлага хангасан хоол идмээр байвч бидэнд зориулсан хоол зардаггүй, бас завсарлагааны цаг хүрэлцдэггүй. Бид нар сургууль дээрээ нэгдсэн үдийн хоолтой байвал амар л байна” хэмээн Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч Болд /нэрийг нь өөрчлөв/ ярьж байлаа.

Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон 11 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн байдаг

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэртээ идэж буй хоолоор хязгаарлагдахгүй. Сургуулийн орчинд зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс ихээхэн хамаарах болжээ. Тэгвэл сургуулийн ойролцоох дэлгүүрт өнгө алаглан худалдаалагдаж буй сахарын агууламж ихтэй чихэр, ундаа, чипс, түргэн хоолны хэрэглээ хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлж байна вэ. Үүнийг зохицуулдаг хууль журам, хянадаг шалгадаг газар байдаг л баймаар.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн “Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний тухай” А/370 тушаалын хүрээнд сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний жагсаалт байдаг. Үүнд, Уух зүйлсээс бүх төрлийн согтууруулах болон хийжүүлсэн ундаа, энергийн болон спортын ундаа, өндөг, элсэн чихрээр хийсэн коктейль зэргийг хориглосон.

Харин амттан, зуушны төрлөөс мөхөөлдөс (ургамлын гаралтай алтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүн), нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн, чипс, попкорн, давсалсан самар, хатаасан жимс, бүх төрлийн чихрийг хоригложээ.

Боловсруулсан, хагас боловсруулсан түргэн хоолны төрлөөс  хиам, зайдас/утсан нөөшилсөн бүтээгдэхүүн/ бүх төрлийн чанадаг, дэвтээдэг гоймон, тосонд шарсан ширхгийн хоол, транс тос агуулсан бүх төрлийн хоол хүнсийг хориглосон байдаг.

Гэвч дээрх хүнсний бүтээгдэхүүнүүд сургуулийн ойр орчмын хүнсний дэлгүүр, түргэн хоолны газруудад хяналтгүй худалдаалж, хүүхдүүд худалдан авсаар л байна.

“Сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүний эргэн тойрны 150 метр хүртэлх газрыг хэлнэ.

Гэтэл сургууль орчмын 150 метр дотор үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүд олон байна. Тухайлбал, БЗД-ийн Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн ойролцоох дэлгүүрт худалдаалахыг хориглосон төдийгүй хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх орц найрлагатай бүтээгдэхүүнүүд байв.

Тухайн дэлгүүрийн худалдагчаас тодруулахад хүүхдүүдийн авдаг хүнсийг сонирхвол “Үнэ хямд, шууд идэх боломжтой ширхгийн хоол болон түргэн хоолыг хүүхдүүд их авдаг. Мөн чихрийн төрлийн бүтээгдэхүүн, ундааг их сонгодог. Сүүлийн үед шарсан дүпүг хүүхдүүд их авч байна” гэсэн юм.

“Хоолны хордлого болоод өдөржингөө халуурч, бөөлжиж, гэдэс гүйлгэсэн”

Сургуулийн орчинд ажиллаж буй дэлгүүрт хориглосон нэр төрлийн бүтээгдэхүүнүүд хяналтгүй зарагдсаар, хүүхдүүд худалдан авч идсээр байна.  Шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнээс хордож, эмнэлэгт хүргэгдсэн хүүтэй уулзсан юм.

Ерөнхий боловсролын сургуулийн долоодугаар ангийн сурагч Төгөлдөр /нэрийг нь өөрчлөв/ сургуулийнх нь хажууханд байдаг жижиг дэлгүүрээс ороомог, хуушуур, кимбаб авч идээд хордлогод оржээ. Тэрээр “Бид их завсарлагаанаараа сургуулийн цайны газар юм уу, ойролцоох хүнсний дэлгүүрээс идэх юм худалдаж авдаг. Би саяхан ороомог, кимбаб, хуушуур авч идчихээд хичээлдээ ортол дотор муухайрч, гэдэс базалж эхэлсэн. Сүүлдээ толгой өвдөж, хөлс гарч, бөөлжсөн. Багш сургуулийн эмчийг дуудаж үзүүлэхэд хоолны хордлого гэсэн. Тэр өдөржингөө халуурч, бөөлжиж, гэдэс гүйлгээд үнэхээр хэцүү байсан. Дүүргийнхээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд эдгээд гарсан. Хоолны хордлого хүндэрвэл их аюултайг, эрүүл хүнс хэрэглэх ёстойг маш сайн ойлгосон” гэсэн юм.

Энэ мэтчилэн хүүхдүүд идсэн хоолноос хордлого авч, гэдэсний халдварт өвчнөөр өвдөх тохиолдол хэр байдгийг ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасгаас тодрууллаа. Өвчилж ирж буй хүний тоо өдөр бүр харилцан адилгүй байдаг бол энэ сарын 5-12-ны өдрүүдэд 100 гаруй хүн гэдэсний халдварт өвчнөөр өвдөж ХӨСҮТ-д ханджээ. Үүнээс гар хөл, амны халдварт өвчин зонхилон тохиолдсон байна. Энэ өвчлөл нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, хүүхдүүд нэг дор олноороо цуглахад нэмэгддэг гэж ХӨСҮТ-ийн Гэдэсний халдварын тасгийн их эмч Б.Дэлгэрмаа ярьсан юм.

Харин эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хоол хүнсний хэрэглээнд хэр анхаарал хандуулдаг талаар тодруулахад хоёр хүүхдийн ээж Д.Уянга ярихдаа “Өглөө бүр хүүхдүүддээ өглөөний цайг нь уулгаж гаргадаг. Харин өдрийн хоолыг нь бэлтгэж өгч амждаггүй. Тиймээс хоолны мөнгө өгч эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүн  аваарай гэж зөвлөөд л явуулдаг. Гэвч хүүхэд л учраас заримдаа янз бүрийн чихэр, ундаа, мөхөөлдөс, түргэн хоол авч идсэн байдаг. Тиймээс сургуулийн ойр орчимд энэ төрлийн хориотой хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тогтоогоосой” гэв.

Нэгэнт хяналтгүй зарагдаж буй дэлгүүрээс сурагчдыг худалдан авалт хийлгэхгүйн тулд сургууль дээрээ хооллох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөртэй болгох, эсвэл сургуулийнхаа цайны газарт хооллох нөхцөлийг бий болгох шаардлагатай.

Бусад орнуудын сургуулийн хоолны цэс нь өргөн сонголттой, түүхий эдийн 70 хувийг органик хүнс эзэлдэг

Эрүүл мэндийн яамны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлд хийсэн судалгааны дүнгээр “Сурагчдын 33.6 хувь нь өдөр бүр чихэрлэг ундаа хэрэглэдэг. 26.4 хувь нь түргэн хоол буюу сургуулийн цайны газраар тогтмол үйлчлүүлдэг байна.  Сургуулийн цайны газрын стандартад хэрхэн хяналт тавьдаг талаар Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Эрдэнэсайханаас тодрууллаа.

Тэрээр “Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсрол, дотуур байр нь MNS 7005-2023 стандартыг 2024 оноос мөрдөж эхэлсэн. Энэ стандартын дагуу БШУЯ, ХХААХҮЯ, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 238, 173 гэсэн хяналтын журам бий.

Энэ журмын 2.3-т заасан “Хяналт хийх аргачлал”-ыг баталж хүргүүлэх чиглэл байдаг. Үүний дагуу Боловсролын ерөнхий газраас 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр А80 гэсэн тушаалыг гаргаж тус стандартаар үнэлгээ хийх аргачлалыг баталж аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн.

Ингэхдээ сургуулиуд жилд хоёр удаа, боловсролын байгууллагууд жилд нэг удаа үнэлгээнд хамрагдана. Уг үнэлгээний хариу арваннэгдүгээр сард манай байгууллагад ирэх юм. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр шаардлагын дагуу сургууль, цэцэрлэгүүдийг хянадаг.

Өнгөрсөн хавар таван байгууллага хамтран сургуулийн хоол боловсруулалтын үйлчилгээнд хяналт шалгалт хийсэн. Ингэхэд зөрчилтэй зүйлс гарсан. Тухайлбал, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалах, хаяг, шошгын зөрчлүүд илэрсэн. Энэ мэт зөрчлүүдэд хүнс, хөдөө аж ахуйн газар холбогдох арга хэмжээг авсан. Сургалтын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд 20 гаруй нэр төрлийн хууль, дүрэм багтдаг. Үүний дагуу бид зөвлөн туслах, хянах үйлчилгээг үзүүлж ажилладаг. Мөн бид өөрсдийн байгууллагын пэйж хуудсаар дамжуулан сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээллийг олон нийтэд хүргэдэг” гэв.

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд болох чихэр, ундаа нь дийлэнхдээ хүнсний будагч бодис болон олон төрлийн хүнсний нэмэлт агуулсан байгаа нь лабораторийн шинжилгээний дүн болон бүтээгдэхүүний шошгын мэдээллээр батлагджээ. Тухайлбал, хүнсний будагч бодис тодорхойлох шинжилгээнд хамрагдсан чихэр, ундаа, жүүсний 20 дээжийн 15-д буюу 75 хувьд нь 1-4 төрлийн хүнсний будагч бодис илэрсэн байна.

Нянгийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүнд ихэвчлэн боловсруулж бэлтгэсний дараа тодорхой хугацаагаар хадгалж борлуулдаг хотдог, бургер, ороомог, кимбаб, пирожки зэрэг түргэн хоолнууд болон ширхгийн хоолнууд орж байгаа ба  мөн цуйван, будаатай хуурга, шарсан зайдас, нийслэл салат зэрэг зарим хоол, салатны төрлүүд байна. Аюулгүй байдлын хувьд пирожки нь хоолны хордлого үүсгэх эрсдэлтэй хүнс болж байгаа нь судалгаанд хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь пирожкиноос хордож байсантай холбон тайлбарлаж байна.

Дэлхийн улс орнууд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг нийгмийн халамжийн бодлогын салшгүй нэг хэсэг болгож, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, мэдлэг чадвартай зөв хүн болгон төлөвшүүлэх, тэдний суралцах идэвх, оролцоог нэмэгдүүлэх, сурагчдын насны онцлогт тохирсон хоол, хүнсээр үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг, боловсрол олгох харилцааг хуулиар зохицуулан, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж, сайн туршлагуудыг хуримтлуулсан байна.

Тухайлбал, АНУ 1946, Япон Улс 1954, Солонгос Улс 1953 оноос тус тус “Сургуулийн хоол”-ны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ АНУ-д өдөрт 31 сая, Японд 10 сая, Солонгост 7.3 сая, Энэтхэгт 140 сая, ОХУ-ын бүх сургуулийн хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагддаг байна. Эдгээр улс орнуудын сургуулийн хоолны цэс нь өргөн сонголттой, хоолны түүхий эдийн 70 хувийг органик хүнс эзэлдэг байна.

“15-18 настай хүүхдэд 2300 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэх ёстой байдаг”

Монголчууд ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж буй шалтгааныг эмч нар өглөөний цайгаа уухгүй гарахаас эхлэлтэй буруу хооллолтын дадал гэжээ. Судалгаагаар өглөөний цай тогтмол уудаг сурагч 16.8 хувийг эзэлж байгаа бол үлдсэн хувь нь өглөөний цай байдаггүй, хааяа уудаг, огт уудаггүй гэжээ. Жишээлбэл, нэг сургуулийн 1000 гаруй хүүхдийн 700-800 нь үдийн цайг тогтмол ууж чаддаггүй гэсэн үг юм.

Монгол хүүхдийн хоол тэжээлийн бодисуудын зөвлөмж хэмжээг батлах тухай 2014 оны Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хүүхдийн байгууллагуудад хүүхдийн хоолыг хүйсийн ялгавартайгаар бэлдэн, үйлчлэх боломжгүйг харгалзан 7- 10 настай хүүхдэд 2000 ккал, 11-14 настай хүүхдэд 2100 ккал, 15-18 настай хүүхдэд 2300 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхээр тооцдог.

Тэгвэл эрүүл бус хооллолт, хоногт авах шим тэжээл дутагдсанаас үүдэн хүүхдүүдийн эрүүл мэндэд учрах сөрөг үр дагаврын талаар Хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав ярихдаа “Хүүхдэд уураг дутахад өсөлт, жин нэмэгдэлт нь удааширч, яс бүрэлдэлт, сэтгэхүйн хөгжил хоцорч, уураг илчлэг дутал, рахит, цус багадалтад өртөнө. Өвчилбөл ужиг явцтай болох, хүндрэх нь их болдог. Тос дутахад хүүхдийн өсөлт хөгжил хоцорч, биеийн эсэргүүцэл суларснаас янз бүрийн өвчинд, ялангуяа арьс салстын өвчинд өртдөг. Нүүрс ус дутахад хүүхдийн хоол боловсруулалт муудаж бусад бодис биед шингэх үйл ажиллагаа алдагдана. Хэрэв хүүхдийн хоолонд нүүрс ус удаан хугацаагаар дутвал дутсан илчлэгийг нөөц тос, цаашид нийт тос, эдийн уургаар нөхсөнөөс хүүхэд тос, уургаар дутан биеийн жингээ алдаж тураалд ордог” гэв.

Мөн сургуулийн насны таван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэдэг байна. Үүний 5.8 хувь нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь нь чихэрлэг цай хэрэглэдэг байна.

Мөн сургуулийн орчинд худал­даалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний талаар сүүлийн жилүүдэд ­хийгдсэн судалгаа, статистик мэдээлэл холбогдох эрх бүхий байгууллагуудад байхгүй байгаа юм. Судалгаагүйгээс бодлогогүй, бодлогогүйгээс шийдэлгүй орхигдсон сэдэв бол сурагчдын сургуулийн орчин дахь хооллолт.

Дээрх кейс, судалгаа, баримтууд болон эх сурвалжийн мэдээллүүдээс харахад манай улсад хүнсний аюулгүй байдал гэгч зүйл алдагдсан төдийгүй ихэнх хүүхдүүд эрүүл мэнддээ сөрөг нөлөөтэй, хориглосон орц найрлага бүхий бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж ирээдүйдээ заналхийлж байна. 

Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 17/4 тоот тогтоолоор бизнесийн үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хүрээг тодорхойлсон 31 зарчим бүхий “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд” баримт бичгийг батлан гаргасан. “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-д нийгмийн шударга ёс, хөгжил дэвшилд бизнесийн байгууллага шийдвэрлэх үүрэг рольтой болохыг тэмдэглэж, бизнесийн үйл ажиллагаанаас хүний эрхэд учрах сөрөг нөлөөллийг бууруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх үр дүнтэй механизм бий болгох талаар төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон байдаг.

Хүн бүрд бизнес хийх эрх нь нээлттэй. Гэхдээ сургуулийн орчинд зарагдах ёсгүй  хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг хяналтгүй худалдаалж буй нь хууль журмыг зөрчсөн үйлдэл төдийгүй хүний хүүхдийн эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулж буй үйлдэл юм. Эцэг эх, багш, сургуулийн удирдлага, төр, хяналтын байгууллага бүгд хамтран ажиллаж байж хүүхдийн эрүүл, хамгаалсан орчинг үүсгэж чадна.

“Төр үүрэг хариуцлагаа дээшлүүлж хүүхдийн эрхийг хамгаалах, хяналт, хэрэгжүүлэх механизмыг ажиллуулах ёстой. Тухайлбал, 150 метрийн бүс дотор хориглосон хүнсний бүтээгдэхүүн борлуулж буй газруудыг шалгаж татвар, торгуультай болгохоос эхлээд үйл ажиллагааг нь түр зогсоох хариуцлагын тогтолцоо бий болгох хэрэгтэй байна” гэж 37 жил ажилласан Нийслэлийн ахмад багш О.Должинсүрэн санаа зовниж байна.

Х.Мөнхжаргал, Ч.Бямбахажид


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *