УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.10.14) Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд гишүүнээс Боловсролын сайдад тавьсан асуулгуудын хариуг хэлэлцэв. Үүний төгсгөлд С.Эрдэнэболд гишүүний хэлсэн үгийг та бүхэнд хүргэе.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Боловсролын асуудлаар улстөржиж болохгүй. Тойргийнхоо хүүхдүүдэд 2 жил дараалан захидал бичлээ. Эхний жилд хүүхэд хамгаалал, сургуулийн орчны аюулгүй байдлын асуудлыг чухалчилсан хариу ирүүлсэн бол 2 дахь жилд багшийнхаа цалин, хөлсийг нэмүүлэх асуудлыг 1-рт тавьсан байсан.
Багш нарын 60 хувь нь 6 жилийн хугацаанд ажлаа өөрчилж байна. Мөн 60 хувь нь 1 сая төгрөгөөс доош цалин авч байна. Сургалтын чанар хот, хөдөөгийн сургуулиуд хоорондоо 2-8 дахин ялгаатай болсон. Монгол Улсын хөгжил дэвшлийн гол дархлаа бол боловсрол. Талбай дээр хүйтэн цементэн хавтан дээр картонон цаас дэвсээд сууж байгаа багш нарын 70-80 хувь нь эмэгтэйчүүд. Багш нарын цалин хөлсийг нэмэх боломж, санхүүгийн чадамж Монгол Улсад бүрэн байгааг олон нийт нэгэнт ойлгосон. Гагцхүү төсвийн үр ашигтай, эрэмбэ дараатай, тооцоо судалгаатай бодлого, төлөвлөлт, сайн менежментийг та биднээс нэхэж, янз бүрийн хулгайд авталгүй, боловсрол, эрүүл мэндийн салбартаа зарцуулж чадах ухаалаг төрийн бодлогыг шаардаж байна.
