УИХ дахь МАН 2 бүлэгтэй болоод байна. 1 бүлэг нь өнөөдөр 12:00 цагаас хуралдаж байна. Уг бүлгийн хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжиж байгаа Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй 30 гаруй гишүүн оролцож буй аж.
УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн өчигдөр бүлгээ 16:00 цагт хуралдуулахыг шаардаж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн ч тэр хүлээж аваагүй. Хурлыг өнөөдөр 12:00 цагт зарласан.
Гэтэл Ж.Бат-Эрдэнэд уг шаардлагыг хүргүүлсэн Н.Наранбаатар тэргүүтэй гишүүд өчигдөр 18:00 цаг өнгөрч байхад хуралдлаа. Уг хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр удирдаж, 36 гишүүн оролцон, даргыгаа эв нэгдэл хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн. Тус хуралд Ерөнхий сайд Г.Занданшатар сууж, Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд тусгасан урсгал зардлыг танан 2026 онд багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувь, ахмад настны тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр болж буйгаа танилцуулсан юм.
Үүнийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг нарын гишүүд дүрмийн бус, хууль бус, гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзэж, өнөөдөр 12:00 цагаас хуралдаж байна. Уг хурлаа тэд албан ёсных гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ч.Номин “Таалагддаг, санал нийлдэг улстөрчдөөрөө нийлж байгаад, нууцаар хуралдсаныг айдастай хүлээж авч байгаа. Бүлгийн өчигдрийн хурал нь төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах хэмжээний асуудал үүсгэж байна” гэв.
